БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин зээл авч чадахгүй нөхцөлд ороод буй жижиг бизнес эрхлэгчдэд 50 их наяд вон буюу 38 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээ зарлалаа.
Тус улсын Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгч, хувиараа бизнес эрхэлдэг иргэддээ зориулж нийт 5.5 их наяд воны зээлд батлан даалт гаргахаас гадна 12 их наяд воны зээлийг 1.5 хувийн хүүтэй олгох юм байна. Шаардагдах санхүүжилтийн талыг тус улсын Төв банк нь гаргахаар болжээ.
Үүнээс гадна санхүүгийн байгууллагууд жижиг, дунд бизнесүүдэд олгосон олон их наяд воны зээлийн нөхцөлөө хөнгөвчлөх, хүүгийн төлбөрийг түр зогсоохоо Засгийн газартаа мэдэгдсэнийг БНСУ-ын Төрийн тэргүүн зарлажээ.
Мөн БНСУ-ын гахайн махны импорт хоёрдугаар сард 26.3 мянган тонн болж жилийн өмнөх мөн үеэс 22 хувиар буурсан талаар тус улсын Орон нутгийн эдийн засгийн институт мэдээлсэн байна. Шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтын нөлөөгөөр зоогийн газруудын гахайн махны хэрэглээ буурчээ.
БНСУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол сүүлийн 24 цагт 152-оор нэмэгдэж, 8565 болоод байна. 91 хүн нас барсан бол 1.9 мянга гаруй хүн эдгэрчээ.
БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшинд хүргэхээр шийдвэрлэснээс гадна Парламент нь цар тахлаас эдийн засгаа хамгаалах зорилгоор 11.7 их наяд воны төсвийн тодотгол хийгээд байгаа юм.
Эх сурвалж: gogo.mn