Австрали улсын Баруун Австрали мужийн тэргүүн Марк МакГоуван коронавирустэй холбогдуулан онц байдал зарласны улмаас ихэнх газруудыг хааж, хөл хорио тогтоон эдийн засгийн эрсдэл үүрч буй тул тус мужийн бүх иргэдээ төлбөрөөс чөлөөлөх болсон гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Үүнд байр, цахилгаан, ус, нийтийн тээвэр, түргэн тусламжийн үйлчилгээ зэргийн төлбөр багтана гэжээ. Эдгээрийг зохицуулахад нийт 402 сая ам.доллар төсөвлөсөн юм байна.
Мөн ахмад настнуудад туслах зорилгоор Эрчим хүчний тусламжийн төлбөр буюу концесс карт эзэмшигчдэд олгодог хөнгөлөлтийг 600 доллар болгож хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ.
Баруун Австралийн төрийн албан хаагчдад ч нэг удаагийн 20 хоногийн цалинтай чөлөө олгохоор болжээ.
Түүнчлэн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгчидэд 17.500 долларын нэг удаагийн буцалтгүй тусламж хүргэх гэнэ.
Ноён Макгоуаны хэлснээр “Баруун Австралийн гэр бүл, ахмад настан, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн тусламж үзүүлэхийг зорин уг арга хэмжээг авч байна. Бид эрсдэлийг тооцож, төсвийг хяналтдаа авсан учир энэхүү тусламжийг үзүүлэх боломжтой гэж харж байна” хэмээн тайлбарлажээ.
Нэмж дурдахад коронавирусээр халдварласан хүн, өвчтөнийг асарч байгаа хүн, өөрийгөө тусгаарлах шаардлагатай байгаа хүн болон сургуулийн боловсролд хамрагдах боломжгүй байгаа иргэдэд ч тусламж үзүүлэхээр шийдсэн байна.
Эх сурвалж: erennews.mn