Улаанчулуут дахь барилгын хог хаягдал 2020.03.11
“Хог хаягдал бол байх ёстой газартаа очоогүй түүхий эд” гэсэн үг байдаг. Ялангуяа барилгын хогноос хаях зүйл үгүй, бүхэлдээ хоёрдогч түүхий эд болдог аж. Жишээ нь, Нидерланд, Япон, АНУ зэрэг улс буулгасан барилгынхаа хаягдлын 80-90 хувийг дахин боловсруулж ашигладаг. Бас нэг онцлох зүйл нь тэдгээр оронд хог боловсруулах нь барилга барихаас ч ашигтай бизнес гэнэ. Харин манай улс барилгын хог хаягдлаа боловсруулж, дахин ашиглаж чаддаггүй. Ашиглах нь битгий хэл хаа хамаагүй хаяж, байгаль орчин бохирдуулагч гол эх үүсвэрүүдийн нэг болгосон.
Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар нэг сая тонн хог гардаг гэсэн тойм тоо байдаг. Үүний 500 000 тонныг нь Улаанбаатарын иргэд, үлдсэнийг нь орон нутгийнхан “үйлдвэрлэдэг” аж. Тэр дундаа нийслэлийн хог хаягдлыг 70 гаруй хувь нь ахуйн хэрэглээнийх, 20 гаруй нь барилгынх, нэг гаруй хувь нь химийнх гэх. Үүнд үндэслэн Улаанбаатарт жилд ойролцоогоор барилгын 100 000 тонн хог гардаг гэж албаныхан өөрсдөө хүртэл “таамагладаг” билээ. Тэдгээрийн зарим нь хогийн цэгт, нэг хэсэг нь Туул голын эрэг дагуу буюу өөрөөр хэлбэл, эзгүй газарт “очдог”. Таамагладаг хэмээсний учир нь энэ талаарх нарийн тооцоо, судалгаа манайд одоогоор алга.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй, орон сууцын 234 барилга Улаанбаатарт бий гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Үүний дагуу зарим барилгыг буулгаж, дахин төлөвлөх ажил өрнөж байна. Түүнчлэн цэцэрлэгийн 51, сургуулийн 29 барилга шаардлага хангахгүй тул хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд зайлшгүй нураан, шинээр барих шаардлагатай болсон. Тэдгээрийн 70 гаруй хувийг нь одоогоор шинэчилсэн юм билээ. Үүний зэрэгцээ үзвэр үйлчилгээ, олон нийтийн, эмнэлгийн гээд шаардлага хангахгүй олон барилга бий. Саяхан л гэхэд Байгалийн түүхийн музейн барилгыг буулгасан. Хаягдал мэдээж хогийн цэгт л очиж байна.
Эл хэрэгцээ, шаардлагад үндэслэн хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр Улаанбаатарт барих сураг сонсогдов. Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн хүрээнд ийм үйлдвэр барих болсон аж. Морингийн даваанд ирэх дөрөвдүгээр сараас үйлдвэрийг барьж эхлэх бөгөөд 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэнэ.
Уг нь төр, засгаас энэ мэтээр гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, дахин боловсруулах үйлдвэр барих олон төсөл, төлөвлөгөө боловсруулдаг ч өдий хүртэл хэрэгжүүлсэн нь бараг үгүй. Дээрх үйлдвэр тэдний адил “салхинд хийсэхгүй” гэж найдъя.
Эх сурвалж: unuudur.mn