Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 29 жил мод тарьж, говь нутгаа ойжуулж буй Ч.Одсүрэн Улсын аварга тариаланч боллоо.
Тэрээр 1991 онд Сэлэнгэ аймгийн ХАА-н техникумыг агротехникч мэргэжлээр дүүргэн аймгийнхаа Мод үржүүлгийн ойжуулалтын хэсэгт техникчээр ажлынхаа гарааг эхэлсэн байна. Өдгөө мод үржүүлгээс гадна газар тариалан эрхэлж өөрийнхөө тариалсан чацарганыг иргэдэд эцсийн бүтээгдэхүүн болгон хүргэхээр үйлдвэр байгуулаад байгаа юм. Хүүхэд байхаасаа аав Чисрэнгийн хамт газар тариалан эрхэлж говь нутгаа цөлжилтөөс хамгаалах ажилд сэтгэлээ зориулах болжээ.
Булган, Баяндалай, Номгон сумын услалтын системүүдийн тариалангийн талбайн хөрсийг элсний нүүдэл, шар шороон шуурганаас хамгаалахын тулд хайлаас, улиас, сухай, жигд, шар хуайс зэрэг хамгаалалтын болон гоёлын модоор ойн зурвастай болгосон байна. Мөн 40 га тариалангийн талбайг 100 хувь хамгаалах ойн зурвастай болгож аймгийн хэмжээний жилд шаардагдах суулгацны хэрэгцээг 100 хувь хангах үүднээс өөрийн мод үржүүлгийн талбайд жилд 40-50 мянган ширхэг тарьц суулгац бэлтгэж байна. Өөрийн санаачилгаар модны нүх ухагч төхөөрөмж, 1-2 настай суулгацыг ухаж гаргах чадалтай тоног төхөөрөмжийг хийж, ашиглаж байгаа нь хөдөлмөр хөнгөвчилсөн, ажлын бүтээмж үр дүнд шууд нөлөөлөхүйц оновчтой санал, шинэ бүтээл болж чадсан.
Ойжуулалтын ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг оролцуулан нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 610 хүнд түр, 8 хүнд улирлын чанартай ажлын байрыг бий болгосон байна. Мөн үндсэн бордоо болох бууц, эрдэс бордоог нормын дагуу тогтмол хэрэглэхээс гадна био ялзмаг, шувууны сангас, адууны хомоол болон бусад төрлийн нэмэлт бордоонуудыг талбайдаа хэрэглэж ургамлын арчилгааг агротехнологийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэж, талбайн хог ургамлыг гар аргаар болон техникээр, шаардлагатай үед гербицидээр устган хог ургамал хортон шавжийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм.
Эх сурвалж: montsame.mn