Монголчуудынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллага, алба хаагчдад зориулан “Монлайн спорт хувцасны сүлжээ дэлгүүр”-ээс 20 сая төгрөг, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-аас 3 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өгчээ.
Мөн “ТМЛ Трейд” ХХК-аас 12 сая төгрөгийн өртөг бүхий бараа материал, Сүхбаатар дүүргийн иргэн З.Оргил 18 ширхэг ариутгалын цув, 18 ширхэг хамгаалалтын хувцас, 300 ширхэг бээлийг хүлээлгэн өгсөн юм.
Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар төр, засгаас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжин, сэтгэлийн хандиваа илгээсэн та бүхэнд баярлалаа. Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг хилийн боомт болон шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын ариутгал хамгаалалтын хувцас хэрэглэл, ариутгал, халдваргүйжүүлэлтэд нэн шаардлагатай зүйлсэд зарцуулах болно. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэлээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар