Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор Хятадын Засгийн газрын тэргүүн Ли Кеганг ийм шийдвэр гаргаснаа зарлажээ. Тэрбээр “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлт маш чухал. Орон нутаг дахь ажлын байрыг тэд л хангадаг. Тиймээс энэ хүнд цаг үед Хятадын Төр, засгийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих шийдвэр гаргалаа” хэмээн Хубэй мужид болсон уулзалтын үеэр хэлсэн байна. Түүнчлэн “Банкны зээл төлөх хугацааг нь ирэх зургаадугаар сар хүртэл хойшлуулах, хүүгийн хүүгээс бүрэн чөлөөлөх юм. Энэ нь коронавирус нөмөрсөн Хубэй мужийн бүх жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хамааралтай” гэдгийг БНХАУ-ын Ерөнхий сайд хэлсэн байна. Энэ бол тун чиг ухаалаг бас иргэдээ бодсон шийдвэр. Дэлхий дахиныг цочроож байгаа энэ гайт вирус хоногийн дотор нийтийг хоморголон тархаж, амиа алдагсдын тоо цаг мөчөөр нэмэгдэж байгаа хүнд үед ажил хийх нь бүү хэл, хорио цээрийн дэглэмд орж тусгаарлагдсан иргэддээ боломж олгож байгаа алхмыг БНХАУ-ын Засгийн газар хийчихлээ.
ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР-ийг монголчууд хүлээж байна!
Үүнээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Үнэндээ Монгол Улсын хувьд ч ижил төстэй байдал үүсвэл гагцхүү энэ шийдлийг харж иргэдээ бодох ёстой. Ялангуяа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид банкны зээлийг төлөхөд хүндрэл үүсч байгаа нь илт. Худалдан авалт эрс багасч, томоохон худалдааны төв, захаар орох иргэдийн урсгал татарч байна. Гагцхүү хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн мах, гурил, будаа болон хувирлаа. Энэ цаг үед банкны зээлтэй Нарантуул зах дээр жинсэн өмд зардаг иргэн А яах вэ, олон улсыг хамарсан цар тахлын үед БНСУ-аас гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг жижиг бизнесмэнүүд яах вэ. Үнэхээр худалдан авалтгүй 00 зогсолт хийж байна. Иймд бизнесийн болон байрны зээлтэй иргэдийн зээлийн хүүг гарцаагүй нөхцөл байдалд хойшлуулахаас өөр гарц үгүй. Монголын Засгийн газар коронавирусын хөл хорио тогтоосон үед БНХАУ-ынх шиг ийм шийдвэр гаргавал зээлийн хүүнд дарлуулсан ард түмэн жинхэнэ төр засаг байдаг юм байна гэж харах, бас хандах төртэйгээ мэдрэх биз. Гэхдээ хөл хорионд орвол шүү дээ гэдэг үгийг энд дахин онцлоё. Яг одоогийн байдлаар ядаж л жижиг дунд бизнес эрхлэгч хийгээд зээлтэй иргэдийнхээ банкинд зээлээ төлөх хугацааны асуудлыг харах л хэрэгтэйг Төр засгийн өндөрлөгүүдэд сануулъя. “Капитал” банкны эзэн Б.Ундармаа, ЖДҮ-гээс мөнгө тоншсон УИХ-ын эрхэм гишүүд нь хүүгүй мөнгөөр тансаглуулдаг эрх мэдэлтнүүд иргэдээ банкны хүүгээр бүү боомилоорой. УИХ-ын гишүүдийн хүүгүй шахуу зээлсэн 950 сая төгрөг бол 500 мянган төгрөгийн цалинтай хүний 165 жилийн цалинтай тэнцэх асар их мөнгө аж. Тиймээ, төрд төмөр нүүр гэж байдаг бол гагцхүү төрийн түшээдийн тансаглалын дэргэд өчүүхэн боловч иргэдийнхээ зээлийн хүүг цар тахал намжтал түр зогсоо.
Монгол Улсын иргэдийн 81 хувь нь ямар нэг төрлийн зээлтэй байна гэсэн судалгаа бий. Манай улсын санхүүгийн салбарын 95 хувийг банк дангаараа эзэлдэг. Банкны салбарын нийт актив 2018 онд 28.8 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөгөөр өссөн. Банкны ашиг нь ч 249 тэрбум төгрөг болж байсан. Монгол Улсад арилжааны 10 гаруй банк үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилд л гэхэд арилжааны нэг томоохон банкны ашиг 124 хувьтай гарсан нь банкнууд иргэдээ өндөр хүүгээр хэрхэн шулдаг бодлогын тод жишээ. Гэтэл Нарантуул олон улсын худалдааны төв дээр бараа ширхэглэн зардаг иргэд чинь ашгийн хувиа 10 хувьд хүргэвэл баярлаж тэд баяжина. Төрдөө дархлагдсан бизнесийнхэн ч ялгаагүй ашиг нь 10 хувьд хүрэхэд тэд зардлаа нөхөж, ашиг хийлээ гэж тооцдог. Гэтэл дэлхий дээр зөвхөн Монголд банкны салбарын цэвэр ашиг 124 хувь. Энэ тэгээд ариун явдал гэж үү, Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгч өө, УИХ-ын даргаа. Банкны ашгийг багасгаж ардын нуруун дээрх ачааг хөнгөлдөггүй юм аа гэхэд, олон улсын цар тахлын үед зээлийн хүүг нь хойшлуулах ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР-ийг ард иргэд хүлээж байна.
Олон улсыг хамарсан өвчин тахал нь эдийн засгийн ул мөр заавал үлдээж байдаг. Тухайлбал, эбола вирусын халдвар дэгдсэнээс болж Африк тив 53 тэрбум ам.долларын хохирол амссан гэсэн статистик байдаг. Аялал жуулчлал, бусад салбараас олох байсан орлогоо алдаж, голомт болсон Конго улсад одоо ч байдал хүнд байгаа. Бизнес, эдийн засгийн “Atlantic Council” байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан Хун Тран “2002 онд дэгдсэн SARS буюу амьсгалын замын цочмог халтай хам шинж өвчний дэгдэлтийн үед дэлхийн эдийн засагт 50-10 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж тооцдог бол энэ удаа хохирол тэрнээс ч их гарах нь тодорхой” гэсэн байна. Үүнийг л анхаараарай.
Эх сурвалж: medee.mn