Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн дэлхийн шилдэг 101 манлайлагчийн нэг боллоо
Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн дэлхийн эрүүл мэндийн салбарын шилдэг 101 манлайлагчийн нэгээр шалгарлаа.
"World Health & Welness" холбооноос зохион байгуулдаг 11 салбарын 101 манлайлагчийг шалгаруулах номинацид 136 орны шилдгүүдээс эрүүл мэндийн салбарын манлайлагчаар Монгол Улсын Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Оргойн Сэргэлэн шалгарсан байна. Энэ үйл явдлыг УНТЭ-ийн хамт олон удирдлагууд баяртайгаар хүлээн авч, О.Сэргэлэн эмчид талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. УНТЭ Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын Хүний Гавъяат эмч О.Сэргэлэн нь 2007 онд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын төслийг ШУТС-ийн санхүүжилтээр эхлүүлж, 26 гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгах багийг анхлан зохион байгyулж, багийн ахлагчаар ажилласан юм.
ТҮҮНИЙ АМЖИЛТААС
2009 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамжийг бичиж, 2010 онд ЭМСЯ-аар батлуулан, 2010 онд БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
2011 онд Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвийн эмч нартай хамтран гүйцэтгэсэн. Ингэснээр Монгол Улс дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орноор бүртгэгдсэн.
2014 онд анх удаа хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан.
2015 онд нэг хүнд цогцосны донороос элэг шилжүүлэн суулгасан.
2020 оны хоёрдугаар сарыг хүртэлх хугацаанд Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон нийт 94 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2018 оны статистик үзүүлэлтээр нийт хүн амын тохиолдлоор амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал нь дэлхийд гуравдугаарт эрэмблэгдсэн нь манай элэг шилжүүлэн суулгах багийг ахалж байгаа Гавьяат эмч О.Сэргэлэнгийн ур чадвар, хичээл зүтгэлийн үр шим юм.
Эх сурвалж: newszindaa.mn