“ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд мөнгөө буцааж төлөхгүй бол бид тойргоор нь явна”
“Иргэдийн Нэхэх Эрх” ТББ-аас ЖДҮХС-гаас /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/ зээл авсан гишүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
"ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн авсан мөнгтийг буцааж төлүүлэх зорилгоор хэсэг залуус нэгдэж, “Иргэдийн Нэхэх Эрх" нэртэй төрийн бус байгууллага байгуулагдаж байна. ТББ-ынхаа нэрийг өчигдөр улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн" хэмээн “Иргэдийн Нэхэх Эрх” ТББ-ын тэргүүн Ц.Алтанхуяг мэдээллийн эхэнд онцлов.
Мөн тэрбээр "ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд тус санд одоог болтол зээлээ төлөхгүй байгаа учир зээлийг нь эргэж төлүүлэхийг шаардах үүднээс энэхүү мэдээллийг хийж байна.
Бид бүхэн зах дээр наймаа эрхэлдэг жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзахад бүх үнэнээ хэлж, бидний боломжийг хулгайлсан гишүүдийг дахиж сонгохгүй байя гэж хэлсэн. Бид “ЖДҮ хулгай” нэртэй ном хэвлүүлээд ард түмэндээ хүргэхээр бэлэн болоод байна. Энэ ном бол та бүхний хар данс гэдгийг ЖДҮ-гээс зээл авсан гишүүдэд хандаж хэлье. Түүнчлэн манай төрийн бус байгууллага дараах зүйлсийг шаардаж байгаа юм.
- Ард иргэдийн боломжийг хулгайлсан УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас авсан мөнгөө буцааж төл
- Авсан мөнгөө санд буцааж тушаагаагүй УИХ-ын гишүүдийг ЖДҮХС албан ёсоор зарла
- УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд өөрөө өөрсдөдөө хариуцлага тооц. Үүнд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга та хяналт тавьж ажиллах
Ийнхүү зээл авсан гишүүд мөнгөө тушаах ёс зүйтэй байж, үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Хэрвээ мөнгөө тушаахгүй, нуун дарагдуулаад өнгөрөх гэж байгаа бол уучлаарай. Бид нар та бүхэнд шүдний өвчин шиг чинь явна. Өөрөөр хэлбэл, бид мөнгөө тушаагаагүй гишүүдийн тойргоор нь явна гэдгийг хэлье. Эцсээ хүртэл тэмцэж, жинхэнэ эздэд нь буцааж өгнө. Энэ ажлыг маань Монголын ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна” гэлээ.