СЭТГҮҮЛЧ Ж.ЖАРГАЛСАЙХАН СЭТГҮҮЛЧДЭД 1000 МАСК ИЛГЭЭЖЭЭ
Монголын сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллаж яваа, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч асан, сэтгүүлч Жарантайн Жаргалсайхан бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштойгоор БНСУ-д эмчлүүлж байгаа билээ.
Түүнийг хөл дээр нь босгохын тулд мэргэжил нэгт нөхөд, сэтгүүлзүйн салбарынхан "Жаргалын мод" хандивын аяныг эхлүүлж, түүний эмчилгээний зардалд тусалж байгаа билээ.
БНСУ-д эмчлүүлж байгаа сэтгүүлч Ж.Жаргалсайхан коронавирусын халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа энэ үед салбарынхандаа зориулан 1000 маск илгээхээр болжээ.
Тэрбээр энэ талаараа "Юм юмны түрүүнд өөрийгөө үл хайхран гүйж байдаг хүмүүс бол сэтгүүлчид. Тиймдээ ч хамгийн хүнд мэргэжилд тооцогддог. Дайнд цэрэг шиг л, өвчний голомтод эмч шиг л, гэмт хэргийн ертөнцөд цагдаа тагнуулч шиг ажилладаг хүн бол сэтгүүлчид. Хүмүүст тэгээрэй, ингээрэй, болгоомжлоорой битгий өлсөөрэй, битгий даараарай, битгий өвдөөрэй гэж уриалсаар мэдээлсээр хэрнээ цаг наргүй ажлаасаа болж өөрсдөө өлсөж, даарч, өвдөж нойргүйдэж явдаг хүмүүс бол сэтгүүлчид л байдаг. Хүний өмнөөс загнуулж, хүний өмнөөс адлуулж, хүний өмнөөс баярлаж, хүний өмнөөс гомдож шаналж явдаг онцгой тавилантай хүмүүс. Та нарыгаа маскаа ч авах завгүй мэдээгээ бэлдээд гүйж байгааг мэдэж байгаа болохоороо ойр дотно хүмүүсийнхээ захьсан маскийг авахдаа сэтгүүлчдэдээ явуулъя гээд 1000 ширхэг маск өөрт байсан бэлэн мөнгөө шавхаж байгаад авчихлаа. Та нарын хүчээр л би өнөөдөр энд ингээд эмчилгээ хийлгээд байж байгаа билээ. Та нарын минь надад зориулсан, охин бид хоёрыг гэсэн их сэтгэлийн хажууд энэ юу ч биш л дээ. Энд юмны өртөг өндөр ч өнөөдрийн нөхцөлд нэг ширхэг нь 80 төгрөг орчим үнэтэй авсан энэ маскууд маш хямдхан олдож байгаад тооцогдох байх аа, Монголд маань. Гэхдээ охин бид хоёрын та нартаа талархсан сэтгэл, яг одоо л чухал хэрэгтэй байгаа маск гэдэг үг хоёрт үнэ цэн нь оршиж байгаа юм шүү. 1000 ширхэг маскаа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл дээ хүргүүлнэ" хэмээжээ.
Эх сурвалж: mass.mn