Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны /ББДХ/ II бага хурал дөнгөж сая эхэллээ. ББДХ-ны гишүүн байгууллага, өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжиж, хөрсөн дээр буусан, үр дүн нь харагдахуйц бодит ажлууд хийх тухай ярилцаж төлөвлөгөө гаргах зорилготой тус хурлыг нээж ББДХ-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр үг хэллээ.
ББДХ-ны Бага хурлын эрхэм гишүүд, баялаг бүтээгч та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Цаг наргүй их ажлынхаа хажуугаар эх орны өнцөг булан бүрээс холбооныхоо бага хурлыг зорин ирсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Эрхэм бага хурлын гишүүд та бүхэн бол жил хүрэхгүй богинохон хугацаанд хорин мянган гишүүд дэмжигчидтэй болтлоо өргөжин тэлж, нэгдэн нийлсэн, Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн нэгдсэн холбооны бодлогыг тодорхойлж, хийх ажлыг төлөвлөн хэлэлцэж батлах чухал үүрэг хариуцлагыг хүлээсэн билээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 82.1 хувийг ЖДҮ-үүд эзэлж байна. Монгол Улсын ДНБ-ий 70 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж байгаагаас 20 гаруй хувийг нь ЖДҮ эрхлэгчид үйлдвэрлэж байна. Тиймээс бид ББДХ-ныхоо гишүүн байгууллага, өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжиж, хөрсөн дээр буусан, үр дүн нь харагдахуйц бодит ажлууд хийхээр та бүхний саналыг авч, хэлэлцэн төлөвлөхийн тулд өнөөдөр Бага хурлаа хийхээр цуглаад байна.
Та бид ББДХ-ны анхдугаар чуулганаа 6 дугаар сарын 27-нд Төрийн ордондоо 500 гишүүнтэй хийж, холбооны үйл ажиллагааны дүрмээ баталж, Бага хурлын болон Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосноос хойш даруй хагас жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Холбооны Удирдах зөвлөлийнхөн хуваарь гарган ажиллаж, зүүн тийш Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговь, Өмнөговь, баруун тийш Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий гээд нийт 18 аймаг, 70 гаруй сумдад очин ажиллаж, орон нутгийн баялаг бүтээгчидтэйгээ уулзалт зөвлөгөөнөө хийж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсч, зөвлөлдөөд ирлээ. Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийг санаачлагч Масс агентлагийнхан ч бидэнтэй цаг ямагт хамт ажиллан, баялаг бүтээгчдийнхээ үйлдвэрлэж бүтээж, өсгөж үржүүлж, ургуулж тариалж байгаа баялаг бүхнийг олон нийтэд сурталчлан мэдээлсээр байна.
Баялаг бүтээгчид маань орон нутагтаа тоосго, блокоо цохиж, вакум цонхоо үйлдвэрлээд байшингаа барьж байна. Малынхаа сүү сааль, махаар олон нэр төрлийн амттай, бас эрүүл хүнс үйлдвэрлэн сум орон нутаг төдийгүй нийслэл хотын иргэддээ нийлүүлж, арьс ширээ боловсруулан хэн бүхний хийж чаддаггүй монгол гутал, эмээл хазаар, бугуйлын сур, чөдөр ногтоо хийхээс гадна Монгол брэндийг бий болгохоор ажиллаж байна. Тэр ч битгий хэл эх орныхоо аглаг зэлүүд тайга, эрүүл хөрсөнд ургасан ургамал жимсээр импортын бүтээгдэхүүнээс хэд дахин илүү чанартай олон төрлийн цай, жимсний компот, чанамал үйлдвэрлэж экспортлож байна. Ерөөсөө баялаг бүтээгчид маань өдөр тутмын хувцас эдлэл, идэх хоол хүнс, амьдрах байр сууцаа хэний ч гарыг харахгүйгээр хийгээд хэрэглэдэг болжээ. Үүнээс цаашлаад таблет компьютер, гутал пүүз, цахилгаан утас, унадаг дугуй, ванн, угаалтуур, утаагүй түлш гээд Монголын баялаг бүтээгчдэд хийж чадахгүй зүйл гэж бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй.
Ерөөсөө баялаг бүтээгчид маань өдөр тутмын хувцас эдлэл, идэх хоол хүнс, амьдрах байр сууцаа хэний ч гарыг харахгүйгээр хийгээд хэрэглэдэг болжээ
Баялаг бүтээгчдэд тулгамдсан асуудлууд байсаар байна. Орон нутагт ажиллаж байхад хөдөөгийн баялаг бүтээгчид маш идэвхтэй, санал санаачилгатай байгаа нь харагдаж байсан. Мөн бидэнд хаягласан санал, хүсэлтүүд ч байсаар байна. Бидний ажилласан газруудад нийтлэг хэд хэдэн асуудлууд байгааг тодорхойлбол
- Санхүүжилт
- Борлуулалт
- Ажлын байр
- Боловсон хүчин
- Мэдээлэл зэргийг тэргүүн эгнээнд нэрлэж байлаа. Энэ нь ч өөрөө манай тэргүүлэгч бодлого болж явсаар байх болноо.
Сум хөгжүүлэх сангийн зээл хүртээмж багатай, бага мөнгө зээлдэг, нэг олгосон хүндээ дахин авахад хүндрэлтэй, зээлийн шалгаруулалт бүрхэг, яг жинхэнэ баялаг бүтээгчиддээ очихгүй байна гэх мэтээр давхардсан олон саналууд ирж байгаа нь бид нэгдэж санхүүжилтээ өөрсдөө шийдэж байх тэр гарцыг хайхад хүргэж байна. Тиймээс санай салбар хороод идэвхтэй ажиллаж, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс эдгээр сангуудын сонгон шалгаруулалтын комисст орж ажиллах шаардлагатай байна.
Дараагийн хөндөгдсөн асуудал бол борлуулалт. Бид гишүүдийнхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд бүсчилсэн борлуулалтын төвтэй болох, цахим худалдааг хөгжүүлэх зэргээр цаашид ажиллах болно. Гэхдээ нөгөө талаас төр баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хамгийн эхний худалдан авагч нь байх ёстой гэдгийг бид санаж, хэрэгжилтэнд нь анхаарал хандуулж ажиллах ёстой. Холбооны зүгээс ложистикийг бүрдүүлж чадсан тул 21 аймгийн хаанаас ч бараа бүтээгдэхүүнийг татаж нэгдсэн онлайн худалдааг хийх боломжийг судлан ажиллаж байна.
Дараагийн асуудал бол ажлын байр, боловсон хүчин санхүүжилтээс хамаарсан маш эмзэг асуудал болж хувирчээ. Арай гэж хэдэн хүн бэлддэг, борлуулалт муутай учир цалинжуулж чадахгүй байна. Үйлдвэрлэлээ явуулъя гэхээр тэр бүр тохирсон байр сав олдохгүй байна. Өөрсдөө барья гэхээр мөнгө санхүүгийн асуудал ахиад л тулгардаг гэх мэт. Басхүү мэдээлэл, зөвлөмж, сургалт, судалгаа ус агаар мэт хэрэгтэй байна. Бид үйлдвэрлэлээ өргөжүүлж, бүтээгдэхүүнээ чанаржуулж, борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд мэдээллийг түргэн шуурхай авдаг болмоор байна гэдэг саналыг орон нутгийн баялаг бүтээгчид хэлж байлаа. Энэ бол бидний хийх гол ажлын нэг яах аргагүй мөн билээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа, АҮЯ-наас ЖДҮБодлого тодорхойлох ажлын хэсэгт багтлаа, Хүннү Молл цогцолбороос манай гишүүдийн үзэсгэлэнг гаргах хүсэлтээ ирүүлсэн гээд Төрийн байгууллага, арилжааны банкууд, бусад холбогдох байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн зүгээс ч манай холбоотой хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Одоо харин дараагийн ажил руугаа орох хариуцлагатай цаг үе бидний өмнө ирээд байна.
Хэрэглэгч Монгол биш, үйлдвэрлэгч Монгол болохын тулд мэдлэг шингэсэн, өндөр технологитой бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага Монгол Улсын өмнө тулгараад байна
Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулгараад байна. Баялаг бүтээгчдийн өмнө тулгарч буй асуудлууд улам ихэсч байна. Тиймээс Баялаг бүтээгчид төр засгийг хүлээж харж суулгүй, өөрсдөө нэгдэн нийлж ажиллах шаардлагатай болж байна. Бид баялаг бүтээгчдээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Дийлэнх ЖДҮ эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгч нар өөрсдийн эзэмшсэн мэргэжил, практик дээр сурсан чадвараараа баялаг бүтээж байна. Гэтэл одоо үйлдвэржилтийг хөгжүүлэхийн тулд, хэрэглэгч Монгол биш, үйлдвэрлэгч Монгол болохын тулд мэдлэг шингэсэн, өндөр технологитой бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Тиймээс бид гишүүддээ бизнесээ удирдаж, үйлдвэрлэлээ хөгжүүлэх сургалтуудыг явуулмаар байна.
Бид баялаг бүтээхдээ инновацийг орхигдуулж огтхон ч болохгүй. Үйлдвэрлэлдээ инновацийг нэвтрүүлсэнээр мэдлэгийг мөнгө болгож байнаа л гэсэн үг. Хэний ч хэрэгцээнд нийцэхгүй, чанар үзэмж муутай бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд үндэсний үйлдвэрээ дэмжих ёстой гэж шахаад байж болохгүй юм. Тиймээс цаг ямагт шинэ, шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхийг зорьж, технологийн процессоо боловсронгуй болгохыг хичээж, мөн зардлаа бууруулж ашигтай ажиллахын тулд инноваци зайлшгүй хэрэгтэй байна.
Түүнчлэн тухайн бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг каластрын системээр цогц байдлаар хөгжүүлэх шаардлагатай байна. Төр засгаас гаргаж буй бодлого чиглэлүүдэд дан ганц үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн эрх ашигт нийцсэн биш, нийт жижиг дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг тусгуулах хэрэгтэй. Энэ мэтээр баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэж, бодит үр дүнтэй ажил болгон хэрэгжүүлэхийн тулд эрхэм Бага хурлын гишүүд, Салбар хорооны дарга нар та бүхний маань хичээл зүтгэл, идэвх санаачилга маш чухал үүрэгтэй юм.
Бид орон нутаг дахь салбар хороогоо идэвхтэй ажиллуулахын тулд өөрсдийн байртай болох асуудал яригдаж байна. Увс аймагт төсвийн хөрөнгөөр барьсан Ахуй үйлчилгээний ордонг аймгийнхаа Баялаг бүтээгчдийн ордон болгохоор Салбар хорооны тавьсан саналыг аймгийн удирдлагууд нь дэмжиж ажиллаж байгаа. Ховд аймагт Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангийн бизнес инкубаторын төвд “Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төв ажиллаж байна. Энэ мэтээр баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэж, бодит үр дүнтэй ажил болгон хэрэгжүүлэхийн тулд эрхэм Бага хурлын гишүүд, Салбар хорооны дарга нар та бүхний санал бодол, хичээл зүтгэл маш их хэрэгтэй байгааг дахин онцлон хэлье. Тиймээс Бага хурлын гишүүд Та бүхнийг өнөөдрийн хуралдаа идэвхтэй оролцохыг хүсч байна.
ББДХ-ны Хоёрдугаар бага хурал нээснийг мэдэгдье!