Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр
Монгол орны өнцөг булан бүрт хөдөлмөрлөж байгаа Баялаг бүтээгчдээ...
2015 он та бидний хувьд их зүйлд тэмүүлж, том зорилгын дор нэгдсэн ажил хэрэгч жил байлаа. Мөн улс орныхоо эдийн засгийг ганц уул уурхайг дэмжиж биш үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хүчирхэгжүүлэх замаар хөгжүүлж чадахыг нотолж өглөө. Монгол улсын 21 аймагт баялаг бүтээж байгаа, бүтээлч Монгол хүн бүрт Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хүрч, тэднийгээ улс орон даяар алдаршуулсан билээ. 2015 оны нэгдүгээр сард Масс агентлаг Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хөтөлбөр санаачлан улс орон даяар хэрэгжүүлж ийнхүү үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа амжилттай явуулж чадлаа. Энэхүү төсөл хөтөлбөр дээр үндэслэгдэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаж өнөөдрийн байдлаар гучин мянга хол давсан гишүүд дэмжигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 21 аймагт салбар хороогоо байгуулж Монголын анхны хамгийн том солонгорсон төрийн бус байгууллага болж чадсан байна. Өрхийн жижиг үйлдвэрлэгчээс эхлээд үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүдийг хүртэл холбоо эгнээндээ нэгтгэж баялаг бүтээгчдийн дуу хоолой нийгэмд улам бүр хүчтэй нөлөөлж эхэллээ. Засгийн газрын 2015 оны 12-р сарын 21-ний өдрийн хуралдаанаар Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хяналтыг сайжруулах зорилгоор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөллийг сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон хяналт тавих ажлын хэсэгт оруулахаар шийдвэрлэлээ. Энэ бол төр засаг баялаг бүтээгчдээ сонсож, дэмжиж эхэлсний бодит нотолгоо юм. 2015 оны эхэнд үйлдвэрлэл эрхлэгчид эдийн засгийн бодит хямралтай нүүр тулж цаашид яах талаараа ярилцаж суусан бол 2015 оны төгсгөлд бид хямралыг давах гарцаа аль хэдийн олж чадсан байна. Энэ бол бидний босгосон баялаг бүтээгчдийн нэгдэл, баялаг бүтээгч, төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол хамтын ажиллагаа юм.
2016 он бидний хувьд чухал жил байх болно. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны бүх гишүүд бараа бүтээгдэхүүнээ чанартай ,үзэмжтэй үйлдвэрлэж , борлуулалтаа нэмж, дэлхийн зах зээлд гаргах том амбицын галт тэргэнд суух болно. 21 аймаг өөрийн брэнд бүтээгдэхүүнийг гаргаж Монгол хүн бүр үндэсний бүтээгдэхүүнийхээ хэрэглэгч байх тийм том сүлжээг бид бүрдүүлнэ. Бас эдийн засгийн хямралын сүүдрийг улс орноосоо холдуулах тэр хариуцлагатай үүрэг үндэсний үйлдвэрлэгчид бидний нуруун дээр байна.
Монгол орны өнцөг булан бүрт суугаа Баялаг бүтээгчдээ. Та бүхний оюун бодол , сэтгэл зүтгэл , хөлс хүчээр бүтсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүр Монголын баялаг билээ. Бас дөрвөн цагийн эргэлтэнд цаг наргүй ажиллаж мал сүргээ өсгөн үржүүлж байгаа малчин түмэн та бүхэн минь ч Монголын баялаг билээ. Та бүхний энэ их эрч хүч, хүчин чармайлт цаашид ч сулрах учиргүй юм.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос 2016 оныг үндэсний үйлдвэрлэлээ Монгол улсын иргэн бүр дэмжсэн жил байгаасай хэмээн хүсэж “Монголд үйлдвэрлэв бүтээгдэхүүн миний хэрэглээ” гэсэн уриалгыг дэвшүүлж байна.
Уриалга : Монголд үйлдвэрлэв бүтээгдэхүүн миний хэрэглээ