“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Тогтвортой хөгжлийг хангахад жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлгийг нээж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Багануур дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд нар үг хэлсэн бөгөөд тус холбооны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 2018, 2019 онд хийсэн ажлын тайланг танилцуулсан юм.
Мөн энэ үеэр 2018 оны зургаадугаар сард батлагдсан Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль болон ЖДҮХ сангийн талаар баялаг бүтээгчдэд танилцуулж, тулгамдаж байгаа асуудлаа хамтдаа хэлэлцлээ.
Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа баялаг бүтээгчдэд хэрхэн хүрч ажилладаг болон Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар холбогдох албаны хүмүүс уулзалт хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулга мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 21 аймаг найман дүүрэгт салбар хороотой бөгөөд өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээр Багануур дүүрэгт салбар хороогоо байгуулж, даргаа сонголоо. Салбар хороог байгуулснаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж, тулгамдаж буй асуудлаа хамтдаа шийдвэрлэх юм.
Багануур дүүрэгт 250 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч идэвхтэй үйлдвэрлэл явуулдаг бөгөөд өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийн үеэр 30 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элслээ.