"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" жил бүр олон улсын үйлдвэрлэгчдээс туршлага судлах зорилгоор бизнес аяллыг тогтмол зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил баялаг бүтээгчдийн төлөөлөл Бүгд Найрамдах Турк Улсын үйлдвэрлэлтэй танилцахаар Турк улсын Анталия хотыг зориод ирлээ.
Бүгд Найрамдах Турк Улс нь 80 гаруй сая хүн амтай. Нийт хүн амын 80 гаруй хувь нь үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбар голлон хөгжжээ. Хүнсний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангаад зогсохгүй жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэргийг гадагшаа экспортолдог. Мал аж ахуйн гаралтай түүхий эд материалаа дотооддоо чанартай боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт тооцогддог улс юм.
Үе дамжсан өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн энэ улсад эмэгтэй бизнес эрхлэгчид болоод старт ап үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмждэг байна. Баялаг бүтээгчдийн хамгийн эхэнд танилцсан үйлдвэр бол БНТУ-ын Денисли хотод үйл ажиллагаа явуулдаг SARIKAYA гутлын үйлдвэр байлаа. 40 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан тус үйлдвэр өдөрт 3000 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ Польш, Израйл, ОХУ, Унгер, Иран зэрэг орнуудад экспортолдог төдийгүй POLO,MP зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
БНТУ-ын Денисли хотод хөнгөн үйлдвэрлэл тэр дундаа даавуу, нэхмэлийн үйлдвэрлэл түлхүү хөгжсөн бүс нутаг. Энэ хотын нийт хүн амын 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд энэ нь олон даавууны үйлдвэр байдагтай холбоотой байна. Баялаг бүтээгчид тус хотын хамгийн том нэхмэлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэрийн хувьд өдөрт 15-20 тонн даавуу үйлдвэрлэх бөгөөд бэлэн бүтээгдэхүүнээ Европын бүх улс, ОХУ, Иран, Саудын Араб, АНУ зэрэг улсуудад экпортолдог байна.
Бүгд Найрамдах Турк Улсын жижиг дунд үйлдвэрлэлийн 70 хувь нь гэр бүлийн бизнес буюу өрхийн үйлдвэрлэл байдаг. Өрхийн үйлдвэрлэлээс гараагаа эхлүүлсэн мебелийн үйлдвэртэй баялаг бүтээгчид танилцлаа. Тус үйлдвэр нь 30-аад жил Денисли тавилгын үйлдвэрлэл эрхэлж ирсэн бөгөөд зөвхөн захиалгаар үйлдвэрлэлээ явуулдаг байна.
БНТУ-ын эртний хотуудын нэг "CIVRIL" хотын дарга Niyazi Vural-ын урилгаар "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны төлөөлөл Civril хотод зочиллоо. Газар тариалан, хөдөө аж ахуйн салбар голлон хөгжсөн тус нутагт бүх төрлийн жимс жимсгэнэ тариалдаг. Нийт тариалалтын зөвхөн 1 хувь нь хотын жилийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй үлдсэн хувийг нь ойрын хотуудад нийлүүлдэг байна. Civril хотын дарга Niyazi Vural "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Даваабаярыг хүлээн авч уулзаж цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тиймдээ ч цаашид урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах өргөн боломжоо бүрэн ашиглахын тулд маш идэвхи, санаачилгатай байх болно гэдгээ харилцан илэрхийллээ.
Түлхүүр үг: Баялаг бүтээгч, Олон улсын харилцаа