Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн Докторант Ардах Азимхан “Казахстан улсын төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үзүүлсэн дэмжлэгийг судалсан нь” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ. Ардах Азимхан нь багаасаа Монголд амьдарч байсан учир Монголын түүх, соёл, уламжлалыг сайн мэддэг аж. Тиймээс тэрээр Казахстан Улсын ЖДҮ-г Монгол Улсын ЖДҮ-тэй харьцуулан ийнхүү судалгаа гаргажээ.
Гол нь судлаач Казахстаныг хөгжүүлэхийн тулд ЖДҮ-ийн яам байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд энэхүү судалгаа нь олон улсын шинжтэй болж байгаа нь сайшаалтай хэрэг юм.
Тэрээр энэхүү сэдвийг сонгох болсон үндэслэлээ ийнхүү тайлбарлажээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсын хүн амын дундаж давхаргыг бий болгоход жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, хэрэгцээний бараагаар хангахад голлох үүрэг гүйцэтгэж, засаг захиргааны нэгж, бүс нутгийн болон улс орны хэмжээнд эдийн засгийн хөгжлийн үндсэн хүчин зүйлийн нэг болдог учраас нутгийн удирдлагын болон төрийн захиргааны төв байгууллагуудын үйл ажиллагаа, бодлогын хамгийн их ач холбогдол өгдөг чухал хэсэг нь төрөөс ЖДҮ-ийг дэмжих бодлого болдог. Иймд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрөөс хэрэгжүүлж байгаа нийгэм, эдийн засгийн бодлогын салшгүй хэсэг болон хэрэгжиж байна. Казахстаны ЖДҮ-ийн хөгжлийн зам урт боловч бүтээгдэхүүний борлуулалт болон зах зээлд эзлэх байр сууринаас шууд хамааралтайгаар цаашдын хөгжлийнх нь төвшин тодорхойлогддог учраас төрийн бодлого, дэмжлэг, чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн Казахстаны эдийн засгийн олон салбар ЖДҮ-ийн хөгжлөөс тодорхой хэмжээгээр хамаарч байдаг учир салбаруудын ойрын болон хэтийн хөгжлийн төрийн бодлогод ч нөлөөлөх хандлагатай.
Сүүлийн арав гаруй жилд ЖДҮ-д инноваци, техник технологийн дэвшил, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын ололт нэвтэрч, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар дээшилж, өрсөлдөх чадавх нэмэгдэх болсноор Казахстаны төрөөс ЖДҮ-ийг дэмжих бодлогоо төгөлдөржүүлэх шинэ шинэ шаардлагуудыг дэвшүүлэн тавьсан болно. Эдгээр шаардлагуудыг хангах зорилгоор судлаачдын оролцоотой өргөн хүрээтэй судалгааны ажлыг Казахстанд зохион байгуулж байгааг харгалзан судалгааны ажлын сэдвийг сонгох үндэслэл болгосон гэжээ.
Харин Ардах Азимхан судалгааны ач холбогдлын талаар ийнхүү бичжээ
Судалгаагаар ЖДҮ-ийг төрөөс дэмжих механизмыг бүрдүүлэх уламжлалт онолын үндэсийг орчин үеийн инновацийн онолтой хослуулан хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг санааг анх удаа дэвшүүлсэн нь онолын чухал ач холбогдолтой дүгнэлт болсон гэж үзэж байна. Түүнчлэн судалгааны ажлаар ЖДҮ-ийг төрөөс дэмжих бодлогод төрийн институцийн бүтцийн өөрчлөлтийн арга замыг тодорхойлсон нь практик ач холбогдолтой гэжээ.
Төгсгөлд нь Ардах Азимханы “Казахстан улсын төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үзүүлсэн дэмжлэгийг судалсан нь” сэдвийн дүгнэлт, санал хэсгээс уншигчид даа товч хүргэе.
Жижиг дунд бизнесийн зохицуулалтыг сайжруулах зорилгоо одоо байгаа засгийн газрын бүтэц дээр нэмэлт хөрөнгө гаргахгүйгээр дараах орчин үеийн удирлагын институцийг санал болгож байна. Үүнд:
- Казахстан Улсын Худалдаа – Үйлдвэрлэлийн яаманд санхүүгийн институт, техникийн төвүүдийн сүлжээтэй шинэ хэлбэрийн судалгааны нэгж байгуулах
- Үйлдвэрлэл эрхлэлтийг судлах, хямралын эрсдэл менеджментээр эксперт шинжээч бэлтгэх хүрээлэн бий болгох
Судалгаанаас авч үзэхэд үйлдвэрлэл эрхлэлтийн хөгжлийг сааруулж буй олон шалтгаанууд байсаар байгаа бөгөөд ЖДҮ-г төрөөс дэмжих механизмыг орчин үеийн шаардлага хангахуйц хэмжээнд боловсруулж чадаагүйгээс төрийн дэмжлэг төдийлөн үр дүнтэй болж чадахгүй, заримдаа тодорхой зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед санхүүгийн эх үүсвэр байдаггүй, макро төлөвлөлтийн төвшинд зөрчилтэй байдаг зэрэг дутагдал ажиглагддаг...
... Өөр нэг асуудал бол үйлдвэрлэл эрхэлж буй гарааны эрхлэгчид үйл ажиллагаа явуулах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байдаг. Банкны салбараас гаргадаг зээл өндөр хүүтэй, богино хугацаатай хүссэн болгон авах боломжгүй, мөн банкууд эрсдэл өндөртэй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд барьцаагүй зээл өгөх сонирхолгүй байдаг.
Нийгмийн судалгааны үр дүнгээс харахад арван жижиг бизнес эрхлэгчдийн долоо нь үйл ажиллагаа эхэлснээс жилийн дараа “замаас гардаг” байна.
Иймээс төрийн дэмжлэг нэн шаардлагатай бөгөөд ойлгомжтой, тусалцаа нь ЖДҮ эрхлэгчдэд илт мэдрэгдэхүйц байх шаардлагатай гэж үзэж байна тэрээр дүгнэлт, санал хэсэгтээ бичжээ.
Түлхүүр үг: ЖДҮ, Боловсрол