"Масс агентлаг"-ийн хэрэгжүүлж буй "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хоёрдугаар шат эхэлж буйтай холбогдуулан "Ажил хэрэгч өглөө" бизнес уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалтад Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох, Хасбанкны Бизнес удирдлагын газрын дэд захирал Д.Болор-Эрдэнэ, Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл оролцож, санаа бодлоо солилцсон юм.
“Масс агентлаг”-ийн ТУЗ-ийн дарга, “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр
-Баялаг бүтээгчид тухайн салбарын төлөөлөгчид, мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэр үр дүнтэй уулзалт болж чадсан гэж бодож байна вэ?
-“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн баялаг бүтээгчдээ дэмжих ажил албан ёсоор эхэллээ. Ийнхүү Нийслэлийн баялаг бүтээгчдээ дэмжих ажил эхэлсэнтэй холбогдуулан манай хамт олон, баялаг бүтээгчдийн төлөөлөл өнгөрсөн амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж өөрсдийн төгөлтэй боллоо. Өнөөдрийн өглөөний цайтай арга хэмжээг “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооноос санаачлан зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 60 гаруй баялаг бүтээгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж холбогдох албаны хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авлаа. Өмнө нь эдгээр хүмүүс бор зүрхээрээ салбар салбартаа баялаг бүтээж байсан бол төр засаг, мэргэжлийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмждэг болсон нь өнөөдрийн уур амьсгалаас мэдрэгдэж байна.
Арга хэмжээнд Аж үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан зэрэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн бодлогын чиглэлийг гаргадаг байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн арилжааны банкны төлөөлөл оролцож баялаг бүтээгчдийн санал бодлыг сонссон юм. Ийн баялаг бүтээгчдээ дэмжихээр бүх мэргэжлийн байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтран нэг санаа зорилготойгоор Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлж бэхжүүлэх талаар ярилцлаа. Дараагийн хэлэлцүүлгээр хэрэглэгчдийн төлөөлөл оролцоно. Өнөөдөр баялаг бүтээгчид асуудлаа шийдүүлээд байна. Тэгвэл тэд өөрсдийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээ хэрхэн чанаржуулж, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдэг нь чухал. Хэрэглэгч бүр “хаан” учир хэрэглэгчдийнхээ үгийг зайлшгүй сонсох нь зүйтэй. Тиймээс бид цаашид илүү уялдаатай ажиллах болно. Зөвхөн бид баялаг бүтээгчдийг сурталчилах биш хэрэглэгчдийн эрх ашгийг мөн хөндөх ёстой. Эцэст нь үндэснийхээ бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглээрэй гэж хэлмээр байна. Монголчууд өөрсдөө үндэсний бараа бүтээгдэхүүнээ худалдаж авах шаардлагатай. Түүнчлэн үйлдвэрлэгчид нэгдүгээрт, хэрэглэгчдийн хүссэн чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна уу, хоёрдугаарт үнэ өртөг нь боломжийн байгаа эсэхэд хяналт тавьж, гуравдугаарт, хэрэглэгчид хаанаас худалдаж авах ёстойгоо мэддэг болж байна. Нийслэл болон орон нутгийн удирдлагын зүгээс баялаг бүтээгчдээ дэмжиж байгаа нь “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” хөтөлбөрийн үр дүн богино хугацаанд гарч байгаагийн илрэл юм. Мөн мэргэжлийн байгууллагууд дэмжиж байгаад талархаж байна.
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоог тэргүүлж буй хүний хувьд баялаг бүтээгчдэд бодитой ямар дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байна вэ?
-Ганцхан өдөр ярьж хэлэлцээд шийдэгддэг асуудал байхгүй. Бид өнөөдөр зөвхөн ярьж байгаа боловч хэсэг хугацааны дараа хэрэгжүүлж эхлэх юм. Дараа нь дахин өмнөх ажлынхаа үр дүнг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, анх уулзахдаа ийм асуудал тулгарч байсан бол одоо зах зээл дээрээ бид хэрхэн өрсөлдөх вэ, маркетинг сурталчилгаагаа яаж хийх вэ, бараа бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг хэрхэн шийдэх вэ гэдгээ шийднэ. Цаашлаад улсдаа бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадсан юм чинь экспортод гаргаж, гадаад зах зээлд өрсөлдөх боломжийг эрэлхийлэх боломжтой юм.
Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох
-Зээлийн батлан даалтын сангаас ЖДҮ эрхлэгчидтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ. Тэдэнд тулгамдаж буй нийтлэг асуудал юу байна вэ?
-Энэхүү хэлэлцүүлгээр ЖДҮ эрхлэгчид маань нэлээд олон асуудлыг хөндөж тавьж байна. Ялангуяа санхүүжилт, барьцаа хөрөнгийн асуудал нэлээд хөндөгдлөө. Зээлийн батлан даалтын сангийн хувьд эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар бид 351 аж ахуйн нэгжид батлан даалт гаргасан байгаа хэдий ч Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлж буй нийт аж ахуйн нэгжийн хэмжээнд авч үзэхэд хангалтгүй байгаа юм. Тиймээс ч энэхүү бизнес уулзалтад зээлийн батлан даалтын сангийн хэмжээг нэмэгдүүлэх, арилжааны банкнаас тавьж буй барьцаа хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн үнэлгээг өндөрсгөх, газрыг барьцаанд оруулж тооцох зэрэг олон асуудлыг хөндөн ярьж байна. Иймээс Зээлийн батлан даалтын сангаас дээрх асуудалд бодлогоо чиглүүлж ажиллах бодолтой байна.
-Зээлийн батлан даалтын сангаас хэд хүртэлх төгрөгийн зээлийн батлан даалтыг гаргах боломжтой байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар хүссэн зээлийнх нь 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргах ёстой. Энэ нь 250 сая төгрөгөөр хязгаарлагдсан байгаа. Энэ бол тийм ч бага хувь биш юм.
Гэхдээ ЖДҮ эрхлэгчид Зээлийн батлан даалтын сангийн өгөөжийг сайн ойлгож ажиллах хэрэгтэй. Мөн Батлан даалтын санд хүрч буй хүртээмж харьцангуй муу байгаа гэж үзэж байна. Тиймээс бид үйл ажиллагаагаа сайжруулах, хамрах хүрээг нь өргөжүүлэх, ялангуяа арилжааны банкуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм.
Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа
-Санхүүжилт, барьцаа хөрөнгөөс эхлээд ЖДҮ эрхлэгчдэд тулгамддаг олон асуудал байгааг хэлж байна. Үүнд Аж үйлдвэрийн яамнаас ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
-Барьцаа хөрөнгөгүй үйлдвэр эрхлэгчдэд барьцаа хөрөнгөтэй тэнцэхүйц батлан даалтыг гаргаж, арилжааны банкуудад байршуулах ажлыг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2012 онд Зээлийн батлан даалтын сангийн хууль батлагдаж гарснаас хойш нэлээд их ажлыг хийсэн. Мэдээжийн хэрэг үйлдвэрлэлээ явуулж эхэлж байгаа хүмүүсийн хувьд асуудал нэг хоёроор дуусахгүй. Дээрээс нь Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэр бага. Тиймээс үүнийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах саналыг 2016 оны үндсэн чиглэлд тусгаж, батлуулахаар өргөн барьсан байгаа.
-Харин татварын хөнгөлөлтийн хувьд?
-Өнгөрсөн онд батлагдсан тогтоолоор 920 тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх байсан ч сүүлийн үед энэхүү жагсаалт нэлээд багассан байгаа. Үүнд барилгын салбарын нэлээд олон үйлдвэр багтсан. Гэхдээ аливаа нэгэн аж ахуйн нэгж мэргэжлийн холбоотойгоо хэлэлцээд татвараас чөлөөлүүлэх санал хүсэлтээ Аж үйлдвэрийн яаманд ирүүлж болно.
-Төр засгаас олгож буй хөнгөлөлттэй зээл, санхүүжилт зохих эзэндээ хүрч чадахгүй байна гэж хэлж байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Төрөөс олгож буй зээл зориулалтын дагуу санхүүжигдээд явж байгаа юу, үгүй юу гэдгийг хянахаар жил бүр шалгалт хийдэг. Хэрвээ зориулалтын дагуу зарцуулагдаагүй бол санхүүжилт, эх үүсвэрийг нь буцааж татах, хар дансанд бүртгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах, дээрээс нь тухайн зээлийн эх үүсвэрийг төлөгдөөгүй эх үүсвэрийн тухайн өдрийн арилжааны банкны зээлийн хүүгийн ханшинд шилжүүлж төлүүлэх зэрэг арга хэмжээг авдаг.
Хасбанкны Бизнес удирдлагын газрын дэд захирал Д.Болор-Эрдэнэ
-Танай банкны зүгээс бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
-Хасбанкны хувьд арван таван жилийн турш жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж ажилласаар ирсэн. Нөгөө талаар харилцагчдыг дэмжиж, зээлдэгчдэд олгож буй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хүүгийн түвшинг бууруулах боломжийг эрэлхийлж ажилладаг. Өөрөөр хэлбэл, ХААЯ, Сангийн яам, Хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй 888 төслийн зээл, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Түүнчлэн арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрийн хүрээнд боломжийн түвшинд зээл олгон ажиллаж байна.
-ЖДҮ эрхлэгчид төр засгаас дэмжигдсэн зээлийн төсөл арилжааны банкинд ирээд шаардлага хангахгүйн улмаас унаад байна гэж ярьдаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Үүнийг харилцагч талаас авч үзвэл, арилжааны банк маш хатуу шаардлага тавиад, зээл хүсэгчдийн саналыг буцаалаа гэж ярьдаг. Гэтэл банк зөвхөн өөрийн шалгуур үзүүлэлтийг хангах тал дээр төвлөрдөггүй, харин харилцагч тухайн зээлийг авснаар ямар эрсдэлд өртөх боломжтой вэ гэдгийг тодорхойлдог. Тухайлбал, аливаа нэгэн салбарын бизнесийг зээл хүсэгч огт хийж үзээгүй, нарийн төлөвлөгөө боловсруулаагүй, эрсдэлийн үнэлгээг гаргаагүй хэрнээ маш том төсөл бичээд их хэмжээний зээл авахаар ирдэг. Нөгөө талаар ямар ч ажлын туршлага байдаггүй. Иймд банкны зүгээс тодорхой шаардлага тавиад, түүнийг хангасан тохиолдолд дахин хандах боломжтой гэсэн хариулт хэлдэг юм. Тэрнээс биш хэн ч дааж давшгүй шаардлага тавиад, бизнес эрхлэгчдэд ялгавартай хандсан зүйл байхгүй гэдгийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.
“Буд Оюу” ХХК-ийн захирал У.Батхүү
-Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ. Танай компанид тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Манай компани барилгын салбарын материал үйлдвэрлэж эхлээд арав гаруй жилийн нүүр үзэж байна. Тулгамдаж буй асуудлын хувьд нэгдүгээрт, бидний хувьд улирлын чанартай үйлдвэрлэл явуулдаг учир тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалт тогтворгүй байдаг. Хоёрдугаарт, банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт авах болон аливаа нэгэн байгууллагуудтай хамтарч ажиллах тал дээр нэлээд эрсдэл дагуулах тал бий. Учир нь тухайн нэгэн барилгад их хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэхээр барилга ашиглалтад орж, борлуулалт явагдсаны дараа ашиг хүртэх гэхээр бидний эргэлтийн хөрөнгө зогсдог. Тиймээс үүнийг хурдасгах эрх зүйн орчныг сайжруулах тал дээр төр засгийн байгууллагын зүгээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
-Энэхүү бизнес уулзалтын үр өгөөжийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хэлэлцүүлэг асуулт хариултын хэлбэрээр явагдаж байгаа нь ихээхэн үр дүнтэй гэж бодож байна. Учир нь бид тэр бүр холбогдох албаны хүмүүстэй уулзаад, заавар зөвлөгөө авч чаддаггүй.
“УЦУ” ХХК-ийн захирал Д.Уранчимэг
-Оёдлын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг гэсэн. Тэгвэл энэ салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал юу байгаа вэ. Төр засгаас хэрхэн анхаарч ажиллах ёстой гэж үздэг вэ?
-Бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудал нэлээд их бий. Жишээлбэл, бараа бүтээгдэхүүнээ зах зээл гаргаж, борлуулах, үйлдвэрлэлийн оршин тогтнох нөхцөл боломжийг бий болгох, дээрээс нь татвар, түрээс, ажлын байр, боловсон хүчин гэх мэт олон хүндрэл бэрхшээл тулгардаг. Ялангуяа оёдлын салбарт олон хүний хүч хөдөлмөр шаардагддаг. Тиймээс өнөөгийн байдлаар энэхүү салбар маань уналтад орсон гэж хэлж болно. Иймд би төр засгийн байгууллагатай холбогдохын тулд Бизнес инкубатор төвийн байранд орж ирсэн боловч үйл ажиллагааных нь хувьд маш хангалтгүй санагдсан. Энэхүү төв нь бизнес эрхлэгчдийг чадваржуулах, бараа бүтээгдэхүүнийг чанаржуулах, шинжлэх ухаан болоод бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож өгдөг байгууллага гэж бодсон боловч эдгээр нь зөвхөн эхлэл төдий явагдаж байна. Яригдаж байгаа хэдий ч бодитоор хэрэгжиж байгаа юм байхгүй байгаа нь харамсалтай юм. Мөн бизнесийг татварын өндөр дарамтаас чөлөөлөх ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл нэмүү өртгийн албан татварын арван хувь нь дөнгөж бизнес эрхэлж байгаа хүмүүс болон жижиг зах зээлтэй үед маш өндөр тусдаг. Бидэнд эргэлтийн хөрөнгөөс эхлээд өндийх боломж олгодоггүй.
“Метропласт” ХХК-ийн захирал Д.Алтангэрэл
-Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ. Үйлдвэрлэлээ эрхлээд хэдэн жил болж байгаа вэ?
-Манай компани 2012 оноос эхлэн вакум болон модон цонхны бэлдэц хийж байна. Манайх шиг жижиг зах зээлтэй оронд бараа бүтээгдэхүүнээ борлуулах нь хамгийн түвэгтэй асуудал болоод байгаа. Дээрээс нь дөнгөж үйлдвэрлэл эрхэлж байгаа жижиг аж ахуйн нэгжүүд төр засгаас олгож буй хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах нь их ховор байдаг.
Тиймээс улсдаа үйлдвэрлэл эрхэлж буй жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж, импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүнийг бүр мөсөн хориглохгүй юмаа гэхэд тодорхой хэмжээгээр хязгаарлаж өгөөсэй гэж хүсэж байна. Нөгөө талаар аль болох хөнгөлөлттэй зээлд хамруулж, арилжааны банкны стандарт шаардлагыг уян хатан болгохгүй бол шаардлагад нь нийцэх аж ахуйн нэгж цөөн гэдгийг хэлмээр байна.
-Үйлдвэрлэлээ цаашид хөгжүүлэхэд хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа вэ?
-Тодорхой тогтсон тоог арай хэлэх боломжгүй байна. Ер нь ХБНГУ-д бизнесийн төсөл бичээд түүнийгээ амжилттай хамгаалж, бүх шаардлагыг хангасан тохиолдолд Засгийн газраас нь 0.5 хувийн хүүтэй зээлийг ямар ч барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгодог. Мөн Франц улсад үйлдвэрлэлийн эхний таван жилд нь хангалттай тусалж дэмждэг. Харин үүнээс хойш өөрсдөө бизнесээ аваад явах чадалтай болдог. Манай улсад зээл олгодог боловч барьцаа хөрөнгөгүйгээс болж арилжааны банкинд ирээд төсөл нь унадаг тохиолдол их гардаг.