Булган аймаг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан 12 дахь аймаг боллоо. Энэ ажлын хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагууд Булган аймагт ажиллаж үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцав.
Хуучин гурилын үйлдвэрийг сэргээж "Хангайн гурил" ХХК 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Шат дамжлагын хувьд бүрэн автомат үйлдвэр бөгөөд хоногт 120 тонн буудай тээрэмдэх хүчин чадалтай. Тус үйлдвэр 1,2 дугаар гурил болон тэжээлийн хэвгийг үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнээ Булган, Хөвсгөл, Архангай, Баян-Өлгийн, Өвөрхангай, Говь-Алтай болон "Талх-Чихэр", "Атар-Өргөө" компаниудад нийлүүлдэг. Тус үйлдвэрт 30 гаруй ажилтан ажиллаж байна.
Д.Бат-Өлзий Улаанбаатар хотод ажиллаж байгаад 2008 оноос хойш өөрийн төрсөн нутагтаа ирж үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн байна. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч залуу хүний хүсэл зоригоор өөрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон ажиллаж байгаа юм. Тэрээр монгол гэрийн хаалгыг вакуум цонхны материалаар хийж үйлдвэрлэдэг юм. Анх аавынхаа гэрт туршин хийж амжилттай болсон тул үйлдвэрлэлээ цааш өргөжүүлэн ажиллаж байна. Булган аймгийн хэмжээнд 120 гаруй монгол гэрийн вакуум хаалгыг зах зээлд нийлүүлээд байна. Цаашид монгол гэрийн тооно хийхээр тоног төхөөрөмжийн судалгааг хийж байгаа юм.
С.Зоригтбаатар 1982 оноос хойш дарханы ажлыг хийж байгаа юм. Монгол дарханы уламжлалт аргаар үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд бүх төрлийн мөнгөн эдлэлийг захиалгын дагуу үйлдвэрлэдэг. Тэрээр мөнгөн эдлэлийг залуучууд илүү сонирхож эмээл, хазаар, мөнгөн аяга, хэт хутга зэргийг авдаг болсонд баяртай хандаж байсан. Мөн тэмээний ясаар савх хийж зах зээлд нийлүүлж байгаа нь жинхэнэ эко бүтээл болж чадсан байна.
Булган нутгийн брэнд бол айраг. "Булган-Анар" ХХК нь 2008 оноос монгол айраг технологийн дагуу савлан үйлдвэрлэх ажлыг эхлүүлсэн байна. Хаяг, шошго, үйлдвэрлэлийн бүх стандартын дагуу 0.5, 1.5, 3 литрээр савлан зах зээлд үйлдвэрлэдэг. 2015 онд таван тонн айргийг савлан олон нийтийн сүлжээнд зар тавьж бүх бүтээгдэхүүнээ амжилттай борлуулсан байна. Цаашид экспортод гаргах талаар судалгааны ажлыг хийж байгаа бөгөөд шингэн хэлбэрээр бус хатуу, шахмал, нунтагласан байдлаар үйлдвэрлэх талаар судалж байна.