ЖДҮ эрхлэгчдийг туршилтын "ТУУЛАЙ" болгох шаардлага байхгүй
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Өнөөдөр ЖДҮ-ийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэн бодитоор, олон нийтэд мэдээлэх шаардлага үүслээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ЖДҮҮ эрхлэгчдийн өмнөөс дуу хоолой нь болж, дэмжиж ажилласнаар олон асуудлыг шийдэж чадсан. 2019 оны 6 дугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачлагаар "Жижиг дунд үйлдвэрлэл , үйлчилгээг дэмжих тухай хууль" шинэчлэн батлагдсан. Уг хуулийн төсөл нь жил гаруйн хугацаанд хууль тогтоомжийн тухай хуулийг бүрэн биелүүлж, их олон асуудал дундуур явж байж батлагдсан хууль юм.
Монголын ард түмэн ЖДҮ сангийн талаар өргөн мэдлэгтэй болсон. 2018 онд 96,5 тэрбумыг 200 гаруй аж ахуй нэгжид хуваарилсан. Тэгвэл:
2019 онд 47 тэрбумыг 500-гаад аж ахуй нэгжид хуваарилсан нь 2 дахин бага мөнгийг 2 дахин их ЖДҮ эрхлэгчдэд хуваарилсан.
Түүхэндээ анх удаа ХХААХҮЯ, ЖДҮ хөгжүүлэх сан төсөл сонгон шалгаруулалтыг шударга явуулсан нь олон нийтийн талархлыг хүртсэн. Энэ жимээр цааш явбал хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа бол бусад сантай нийлүүлснээр шударга байдал саармагжиж, гэрэл унтрах эрсдэл бий болж байгаа юм. Тодруулбал бидний өнөөг хүртэл хийсэн ажлын үр дүн талаар өнгөрч, УИХ гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд давуу эрх эдэлж баялаг бүтээгчдийн өмнөөс төрөөс олгож байгаа онцгой хөнгөлөлтэй зээл хүртэх арга барил нь эргэн сэргэж эхлэх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос ЖДҮ санг Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нэгтгэх гэж байгааг эсэргүүцэж байна. Учир нь ЖДҮХ сан бол эргэн төлөлт сайтай 90 гаруй хувьтай, гэтэл Тариаланг дэмжих сан 131,9 тэрбум төгрөгийн авлагатай. Мал хамгаалах сан нь 29,9 тэрбум төгрөгийн зөрчилтэй.
Бидний ажлын үр дүнд төрөөс олгогдож байгаа санхүүжилт ЖДҮ эрхлэгчдэд хэрхэн хүрсэн нь харагдаж байгаа. Үүнд баялаг бүтээгчид ам сайтай байгаа. Энэ сайн жишээг УИХ-ын даргатай уулзахдаа уламжилсан. Өнгөрсөн жил 1500 гаруй төсөл ирсэн бол энэ жил 3000 орчим болж өссөн нь үр өгөөжөө өгсний бас нэгэн илрэл. ЖДҮХ санг хэвээр нь буюу бие даасан байдлыг нь хадгалж өгөхийг хүсч байна.
Хоёрдугаарт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт жил бүр 10 хувийг хуваарилна гэсэн заалтыг хүчингүй болгох гэж байгааг эсэргүүцэж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд ЖДҮ эрхлэгчид 2030 он хүртэл Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 120-190 тэрбум төгрөг хуваарилагдаж, санхүүжилт нь тодорхой, төрөөс баялаг бүтээгчдээ дэмжиж байна гэж ойлгосон. Гэтэл энэхүү заалтыг хүчингүй болгохоор тусгай сангийн тухай хуулийн төсөл оруулж ирсэнд манай холбоо эсрэг байр суурьтай байна.
ОУ-ын туршлагаар ЖДҮ-г яаж хөгжүүлэх үү? гэдэг дээр төрийн бодлого хэрэгжиж байдаг болохоос биш, бусад сантай нэгтгэн байж хөгжүүлсэн туршлага одоогоор харагдахгүй байна.
МУ-д цоо шинээр тийм туршлага гаргаж ирж ЖДҮ эрхлэгчдийг туршилтын "ТУУЛАЙ" болгох шаардлага байхгүй. Биднийг цаг хугацаа хүлээхгүй. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал, дижитал эрэн үед бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн явах боломж энэ цаг үед байна" гэв.