ЖДҮ "сан"-г бусад "Сан"-гуудтай нэгтгэхийг эсэргүүцлээ
"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос өнөөдөр Монгол Улсын Засгийн газар 2020 оны Улсын төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ хууль зөрчсөн талаар мэдээллээ. Тодруулбал, тус холбооноос ЖДҮХ санг Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нэгтгэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт жил бүр 10 хувийг хуваарилна гэсэн заалтыг хүчингүй болгох гэж байгааг эсэргүүцэж байна гэлээ.
Энэ талаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэн бодитоор, олон нийтэд мэдээлэх шаардлага үүслээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийнхээ өмнөөс дуу хоолой нь болж, дэмжиж ажилласнаар олон асуудлыг шийдэж чадсан. 2019 оны 6 дугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачлагаар "Жижиг дунд үйлдвэрлэл , үйлчилгээг дэмжих тухай хууль" шинэчлэн батлагдсан. Уг хуулийн төсөл нь жил гаруйн хугацаанд хууль тогтоомжийн тухай хуулийг бүрэн биелүүлж, их олон асуудал дундуур явж байж батлагдсан хууль юм. Монголын ард түмэн ЖДҮ сангийн талаар өргөн мэдлэгтэй болсон. 2018 онд 96,5 тэрбумыг 200 гаруй аж ахуй нэгжид хуваарилсан. Тэгвэл 2019 онд 47 тэрбумыг 500-гаад аж ахуй нэгжид хуваарилсан нь 2 дахин бага мөнгийг 2 дахин их ЖДҮ эрхлэгчдэд хуваарилсан. Энэ шударга зарчмыг үргэлжлүүлэн сангийн мөнгийг ил тод нээлттэй болгосон. Тэгэхээр төрөөс олгогдож байгаа санхүүжилт ЖДҮ эрхлэгчдэд хэрхэн хүрсэн нь харагдаж байна. Үүнд баялаг бүтээгчид ам сайтай байгаа. Энэ сайн жишээг УИХ-ын даргатай уулзахдаа уламжилсан. Өнгөрсөн жил 1500 гаруй төсөл ирсэн бол энэ жил 3000 орчим болж өссөн нь үр өгөөжөө өгсний бас нэгэн илрэл. ЖДҮХ санг хэвээр нь буюу бие даасан байдлыг нь хадгалж өгөхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос ЖДҮ санг Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нэгтгэх гэж байгааг эсэргүүцэж байна. Учир нь ЖДҮХ сан бол эргэн төлөлт нь 90 гаруй хувьтай, гэтэл Тариаланг дэмжих сан 131,9 тэрбум төгрөгийн авлагатай. Мал хамгаалах сан нь 29,9 тэрбум төгрөгийн зөрчилтэй. Хоёрдугаарт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт жил бүр 10 хувийг хуваарилна гэсэн заалтыг хүчингүй болгох гэж байгааг эсэргүүцэж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд ЖДҮ эрхлэгчид 2030 он хүртэл Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 120-190 тэрбум төгрөг хуваарилагдаж, санхүүжилт нь тодорхой, төрөөс баялаг бүтээгчдээ дэмжиж байна гэж ойлгосон. Гэтэл энэхүү заалтыг хүчингүй болгохоор тусгай сангийн тухай хуулийн төсөл оруулж ирсэнд манай холбоо эсрэг байр суурьтай байна. ОУ-ын туршлагаар ЖДҮ-г яаж хөгжүүлэх үү гэдэг дээр төрийн бодлого хэрэгжиж байдаг болохоос биш, бусад сантай нэгтгэн байж хөгжүүлсэн туршлага одоогоор харагдахгүй байна. МУ-д цоо шинээр тийм туршлага гаргаж ирж ЖДҮ эрхлэгчдийг туршлагын "ТУУЛАЙ" болгох хэрэг байхгүй. Бидний цаг хугацаа хүлээхгүй. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал, дижитал эрэн үед бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн явах боломж энэ цаг үед байна" гэв.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр ”Монгол Улсын Засгийн газар 2020 оны Улсын төсвийг өргөн барихдаа Монгол Улсын хуулийг зөрчлөө. Улсын төсвийг өргөн барихдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн газрын тусгай сангийн 14 дүгээр зүйлд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг ЖДҮ санд хуваарилна гэсэн заалтыг зөрчиж оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл уг заалт одоогийн байдлаар хүчин төгөлдөр байгаа заалт. Тэгэхээр Улсын төсвийг өргөн барихдаа ЖДҮ санд 10 хувийг хуваарилаагүй нь Засгийн газар хууль зөрчиж байна. Энэ жилийн Улсын төсвийн хөрөнгө оруулалт 1.9 их наяд. Хүчин төгөлдөр хуулийн заалтаар 10 хувь буюу 190 тэрбум төгрөг ЖДҮ санд байх ёстой. Гэтэл үүнийг үгүйсгэж төсвийн хуулийг өргөн барьж буй нь Засгийн газар хуулиа биелүүлэхгүй байна гэсэн үг. Түүнчлэн аливаа хуулийг өргөн барихдаа Хууль тогтоомжийн тухай хуулийг баримталдаг. Ялангуяа Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1 буюу хууль батлагдвал эрх ашиг нь зөрчигдөх хүмүүсээс санал авсан байна гэж заасан. Иймд сангуудыг нэтгэх гэж байгаа бол анхнаасаа ЖДҮ эрхлэгчдээс санал авсан байх ёстой. Гэтэл санал авсан мэтээр харуулсан байна. Тодруулбал, 2016 оны 6 дугаар сарын 16-нд буюу 3 жилийн өмнө олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг тусгасан байсан. Мөн мэдээлэл технологийн компаниудаар дамжуулан санал авсан мэтээр оруулж ирсэн нь хуульд нийцэхгүй. Засгийн газрын 2019 оны 179 дүгээр тогтоолоор Мал хамгаалах санг ЖДҮ сантай нэгтгэсэн гэх болов ч 179 дүгээр тогтоолыг хайгаад үзэхээр гарч ирдэггүй. Монгол улсад өнөөдөр Мал хамгаалах сан гэж байхгүй. Гэтэл Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Мал хамгаалах сангийн эрх, үүрэг гэж зааж өгсөн байсан. Тэгэхээр Засгийн газар УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдаж, хуульд байгаа заалтуудыг хэрэгжүүлдэггүй нь УИХ-ын эрх үүрэгт нөлөөлж байна” хэмээлээ.