Б.БАТДЭЛГЭР: ЖДҮХ САНГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЖ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭД 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭЭЧ !!
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос ЖДҮХ санг бусад сантай нэгтгэх замаар устгах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийлээ.
"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: ”Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" эсэргүүцэж байна.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сантай нэгтгэж, Үндсэний үйлдвэрлэлийг дэмжих сан болгох гэж байна. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 6-нд УИХ-аас Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлаад 4 сар болж байна. Энэхүү хуулийн 11 дүгээр зүйлд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн талаар зааж өгсөн. Уг хуулийг дагалдаж гарсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг жил бүр заавал оруулж өгнө. Үүгээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлттэй зээл болон зээлийн хүүгийн татаасыг олгоно гэсэн хуулийн заалт байсан. Гэвч Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг манай холбоо хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос сангуудыг ийнхүү нэгтгэж байгаа нь Засгийн газрын тусгай сангийн хуульд өмнө нь оруулсан Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг ЖДҮХ санд оруулна гэсэн заалтыг үгүй болгох зорилгоор оруулж ирсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалт 1.2 их наяд байсан бол 2020 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалт 1.9 их наяд байгаа аж. Хэрэв одоо байгаа хуулийг дагаж мөрдсөн тохиолдолд ЖДҮ санд 1.9 их наяд төгрөгийн 10 хувь буюу 190 тэрбум төгрөг орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2020 онд ЖДҮ санд орох 190 тэрбум төгрөг нь баялаг бүтээгчдэд төрөөс олгож буй санхүүгийн дэмжлэг болох бөгөөд жилийн 3 хувийн хүүтэй тус зээлийг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид авах боломж бүрдэх байжээ.