ЖДҮҮ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТӨРИЙН ОРДОНД БОЛНО
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит 41-р хурал боллоо. Тус холбооноос өнгөрөгч 9 дүгээр сарын 26-нд "Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019"-ийг "Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ эрхлэгчдийн оролцоо" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулсан. Форумд ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчдийн төлөөлөл болсон 300 гаруй үйлдвэрлэгчид оролцож санал бодлоо илэрхийлсэн. Форумаас гарсан 3 бүлэг 19 асуудал бүхий зөвлөмжийг төрийн гурван өндөрлөг болон УИХ, ЗГ-ийн гишүүд, холбогдох яам, агентлагуудад хүргүүлээд байгаа юм.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Бумцэнд нар УИХ-ын дарга Г.Занданшатарт форумаас гарсан зөвлөмжийг гардуулан өгсөн. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хороог хуралдуулж, баялаг бүтээгчдийн санал, зөвлөмжийг хэлэлцэх, тулгамдсан болон шийдвэрлэвэл зохих асуудлаар харилцан ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос гаргасан санал, зөвлөмжийн дагуу УИХ-ын тамгын газар энэ сарын 16-ны Лхагва гаригт ЖДҮҮ эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалтыг төрийн ордонд зохион байгуулахаар товлоод байна.