ЖДҮХС-ийн журамд заасан шударга, ил тод байдлын зарчим орон нутагт хэрэгжиж байна уу?
ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл, төсөл сонгон шалгаруулах журам батлагдаж, тавдугаар сарын 27-оос төсөл хүлээн авч эхлээд байгаа юм. Шинээр батлагдсан журамд албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс завших боломжийг хязгаарласнаас гадна ил тод байх зарчмыг гол болгосон байна. Түүнчлэн ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамд зээлийг шударгаар сонгох зарчмыг баримтлахын тулд төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь хэний ч мэдэхгүй салбарын бус Төрийн Бус Байгууллага биш харин ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан ТББ-ийн төлөөлөл байхаар тусгаж өгсөн.
Дээрх журмын дагуу 21 аймаг дахь Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороон дарга, тэргүүлэгчид аймгийн төсөл сонгон шалгаруулах хороонд төлөөлөгчөөр орж, ажиллаж эхлээд байгаа юм. Гэвч зарим нэг аймгуудад дээрх журмыг үл тоомсорлосон, ЖДҮХС-ийн зээлийг жинхэнэ эздэд нь олгох зарчмыг алдагдуулж, шаардлага хангаагүй ТББ төлөөллийг оролцуулсан асуудлууд нэг бус удаа гарч байгааг ББДХ-ны төлөөллүүд мэдэгдээд байгаа юм.
Сүүлд гэхэд л Увс аймгийн ЗДТГ-аас ББДХ-ны төлөөллийг оролцуулахаас татгалзаж, төсөл сонгон шалгаруулах дэд хороон төлөөлөлд аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн гэх төрийн албан хаагч, сүүлийн 3 жилийн хугацаанд ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж ямар ажил, үйл ажиллагаа явуулсан нь тодорхой бус "Ногоон алт" ТББ гэх зэрэг байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нь "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам"-ын 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, дэх заалтуудыг зөрчөөд байсан юм.
Иймд ББДХ-ны зүгээс Увс аймгийн ЗДТГ болон холбогдох байгууллагуудад удаа дараа албан хүсэлт хүргүүлснээр ЗДТГ-аас 2019 оны 5 сарын 22-ны A/316 тоот захирамжаа хүчингүйд тооцож, төсөл сонгон шалгаруулах дэд хороог байгуулах захирамжид өөрчлөлт орууллаа.
Одоогоор 15 гаруй аймгийн ББДХ-ны төлөөллүүд "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах" дэд хороон бүрэлдэхүүнд орж, ажиллаж эхлээд байна.