“Масс Агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн хүрээнд нийслэл төдийгүй орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Мөн түүнчлэн төслийн хүрээнд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-г байгуулж, энэ сарын 11-ний өдөр эхний гишүүддээ үнэмлэхийг нь гардуулсан. Тэгвэл өнөөдөр аймаг, орон нутгийн баялаг бүтээгчдийн төлөөлөл холбооны албан ёсны гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авлаа.
Масс Агентлагийн ТУЗ-ийн дарга, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр
"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны зохицуулагч Б.Буянзаяа
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо байгуулагдаад удаагүй байгаа ч төсөлд хамрагдсан гишүүд үнэмлэхээ гардан авлаа. Холбооны ач холбогдол юунд оршиж байна вэ?
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо албан ёсоор байгуулагдаад удаагүй байгаа. Хөдөө орон нутгийн баялаг бүтээгчидтэй уулзаж, ярилцахад ЖДҮ-чид болоод орон нутагт бизнес эрхэлж буй баялаг бүтээгчдийн дуу хоолойг төрийн удирдлагуудад хүргэх кампанит үйл ажиллагаа их сул байдаг нь ажиглагдаж байсан. Төр засгаар дамжин зээл олгогдож байгаа боловч үүнээс цааш хэтрэхгүй байна. Жишээлбэл, тэднийг дэмжих, бизнесийн цар хүрээг нь өргөжүүлэхэд шаардлагатай холбогдох арга хэмжээ, үйл ажиллагааг нь зохион байгуулах, тэднийг хооронд нь холбогч гүүр болсон байгууллага ховор байдаг. Тэгэхээр “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо нь дутууг нөхөж, орон нутагт үйлдвэрлэл эрхэлж буй жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллах болно. Мөн ЖДҮ-чид өөрсдөө холбооны үйл ажиллагааг дэмжиж, нэгдэхээ илэрхийлж байгаад бид их талархаж байна. Цаашлаад бидний хамтын үйл ажиллагаа бэхжиж, Монгол улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа.
“Хатан зөгий” бүлийн ахлагч Д.Эрдэнэчимэг
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн аж ахуй эрхэлдэг. Энэхүү холбоонд гишүүнээр элсэж байгаадаа өөрийнхөө болон бүлийнхээ гишүүдийн өмнөөс баярлаж байгаагаа хэлмээр байна.
-Холбоонд элсэхийн ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэхүү холбоонд элссэнээр ижил төстэй үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүстэй туршлага солилцох, хамтарч ажиллах боломж бүрэн нээгдэнэ гэж бодож байна. Мөн тэднээс суралцаж, дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж буй хүмүүст туслах болно.
“Х.А.Н Жаргалант ховд” хоршооны менежер Э.Өлзийхүү
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?
-Юуны өмнө энэхүү холбооны гишүүн болсондоо үнэхээр их баяртай байна. Холбооны гишүүн болсноор жижиг дунд үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах зэрэг олон ач холбогдолтой гэж бодож байна. Цаашдаа зөвхөн үйлдвэрлэх бус бусад баялаг бүтээгчдийг дэмжиж, хамтарч ажиллах тал дээр анхаарч ажиллах болно. Та бүхний ажилд улам их амжилтыг хүсье.
“Өнөд өвлөх урлахуй” ХХК-ийн захирал Ц.Энхтүвшин
-Холбоонд элссэнээр ямар давуу талтай гэж бодож байна вэ?
-Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас ирж “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоонд элсэж байгаадаа их баяртай байна. Холбооноос явуулж буй үйл ажиллагаа Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийг алдаршуулж, үйл ажиллагааг нь олон нийтэд дэлгэрэнгүй сурталчилж, танилцуулж байгаа нь бидэнд маш их урам өгч байгаа.
“Арслан бар ” ХХК-ийн захирал О.Цэнгэл
-"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны албан ёсны гишүүн боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Холбооны гишүүн болсонд сэтгэгдэл их өндөр байна. Хамгийн гол нь “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлд хамрагдаад, олон нийтэд сурталчлуулж байгаадаа баяртай байна. Биднийг орон нутагтаа жижигхэн бизнес эрхлээд явж байхад хол газраас зорьж ирж, нэвтрүүлэг бэлдсэн нь их талархууштай хэрэг юм.
-Өмнө нь ямар нэгэн төрийн бус байгууллага болон холбоонд элсэж байв уу?
-Үгүй. Анх удаа л холбооны албан ёсны гишүүн болж, үйл ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй болж, бусад бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Мөн “Баялаг бүтээгчид” сэтгүүл дээр гарсан байсан. Сэтгүүлийн хуудсыг эргүүлэхэд л хамт олон минь урдаас мишээж байсан нь хамгийн сайхан байлаа.