УИХ-ын дарга М.Энхболд Танаа
Шаардлага хүргүүлэх нь:
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ нь 2015 онд нийгмийн шаардлагаар үүсэн байгуулагдаж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэх, хэрэглэгчдийн дунд үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус холбоо нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн талаар гаргах УИХ, засгийн газрын бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сайжруулахад санал оруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, гишүүдийнхээ нийтлэг эрх ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх чиглэлд ажиллаж байна.
УИХ-аар хэлэлцэгдэж буй “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн төсөлтэй холбогдуулан 2018 оны 06-р сарын 04-ний өдөр Улаанбаатар хотноо 300 гаруй баялаг бүтээгч , УИХ-ын ажлын хэсгийн гишүүд болон төрийн албаны хүмүүс оролцсон хэлэлцүүлэг форум зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлэг форумд оролцсон Баялаг бүтээгчдээс “ ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл эзэндээ очихгүй байгаа”, “санхүүжилт авсан нь төслийнхээ дагуу зарцуулдаггүй”, “ЖДҮ-ийн ангилалд багтаагүй, гэрчилгээ аваагүй аж ахуйн нэгж, иргэнд төслөө олгодог” зэрэг асуудлуудыг тавьж, хурцаар шүүмжилж байсан.
Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас харахад манай холбооны гишүүдийн шүүмжлэл үнэн зөв байсныг харуулж байна. Одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд манай холбооноос Баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санал, шүүмжлэлийг удаа дараалан УИХ-д хүргүүлж байсан боловч өргөн баригдсан хуулийн төсөлд дараах асуудлууд тусгагдаагүй байгаа тул дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Нэг. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ангиллын талаар:
-
“Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн 5-р зүйлийн 5.1.1-д “бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-ийг тодорхойлж өгсөн байтал уг хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригийн саналаар хассаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул “бичил үйлдвэр үйлчилгээ эрхлэгч”-ийг жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд буцаан оруулах,/ үүний цаана 600,0 мянган иргэний эрх ашиг байгаа болно./
-
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг гурав ангилж байгаа боловч жилийн борлуулалтын орлого / 6-н тэрбум ₮ хүртэлх татвар ногдох орлого /-ыг эрс нэмэгдүүлж, одоо УИХ-д өргөн баригдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулж, жилийн борлуулалтын орлого гэснийг татвар ногдох орлого гэж солих, / 200 хүртэл ажилтантай аж ахуйн нэгжийн цалингийн сан нэг хүний 700,0 мянган төгрөгөөр бодоход сарын 140.0 сая ₮, жилийн 1,680,0 сая ₮ болно, Мөн үйлдвэрлэл эрхэлдэггүй аж ахуйн нэгжийн татвар ногдох орлого өндөр байх боловч жилийн борлуулалтын орлого бага байж, ЖДҮ ангилалд багтах магадлалтай юм./
-
Үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас том болж, ангилал дээшлэх, өсөн дэвших боломж хуулийн төсөлд сайтар тусгах,
-
Даяаршиж буй өнөөгийн нийгэмд инноваци, шинэ технологи, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник тоног төхөөрөмж зохиогдон, үйлдвэрлэлд нэвтэрч байгаа үед ажилтны тоог ангилалд хамааруулах голлох үзүүлэлт болгосон нь тохиромжгүй байна.Сүүлийн үед болж буй ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн талаарх үйл явцаас харахад борлуулалтын орлого / татвар ногдох орлого /-оос үл хамааран хүний тоог баримтлах бол ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгож буй хөнгөлөлттэй зээлийг УИХ, төрийн өндөр албан тушаалтнууд дахин хуулийн хүрээнд авах боломжийг бий болгож байгаа учир хоёр үзүүлэлтийг заавал хангахыг шаардаж байхыг мөн хуулийн 5-р зүйлийн 5.3 дах хэсэгт тусгах,
-
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байвал төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд хамрагдахдаа хуулинд заасан ангиллыг нэг шатаар ахиулах боломжийг хуулинд нэмж тусгах,
Хоёр. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар:
-
“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 11 дүгээр зүйлд Удирдах зөвлөл /9 хүртэл гишүүнтэй /-тэй байхаар нарийвчлан зааж,удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 60 хувийг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцуулахыг заавал тусгаж өгөх, / Иргэний хуулийн 37-р зүйлд зааснаар Сан нь Удирдах зөвлөлтэй байх ба Удирдах зөвлөлөөс гүйцэтгэх удирдлагыг томилохоор байна./
-
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулалтыг тухайн жилд нэг удаа буюу жилийн эхэнд зарлан, ил тодоор хяналттай шалгаруулж, шаардлага хангасан төслийг оноогоор дараалуулан санхүүжилт / улсын төсвийн санхүүжилт болон зээлийн эргэн төлөлт /-ээс зээл олгох,
-
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас олгогдож буй хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй, зорилтот бүлэгт өсөн дэвжих боломжийг олгох үүднээс уг шинэчилсэн найруулгын төслийн 11 дүгээр зүйлд “тухайн жилд олгох зээлийн 30 хувийг бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, 30 хувийг жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, 40 хувийг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид” гэж нэмж тусгах.
-
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөлөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, санхүүжилт, төсөл сонгон шалгаруулалт зэрэг Сангийн үйл ажиллагаанд жилд 1-ээс доошгүй удаа хяналт шалгалтыг хийж,шалгалтын дүнг нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар мэдээлж, ил тод байлгах,
-
Банкны зээлийн хүү хэт өндөр байгаагаас шалтгаалан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хүсэж байгаа зээлийн эрэлт хэрэгцээ их байна. Үүнийг 2018 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн 1031 төсөлд шаардлагатай 812 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэнээс харахад тодорхой байна. Үүнийг харгалзан ойрын 3-5 жилд улсын төсвөөс олгож байгаа хөрөнгө оруулалтыг .“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 11 дугаар зүйлийн 8.1.2.г-д зааснаар зээлийн хүүгийн зөрүү / татаас /-нд олговол жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд очих зээлийн хүртээмж эрс сайжрах тул Зээлийн хүүгийн зөрүү / татаас / зориулалтаар олгох хөрөнгийн хэмжээ нь Сангийн тухайн жилийн олгож буй санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тусгах,
Гурав. Жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын талаар:
-
Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулах,/ Сүүлийн 10-н жилийн хугацаанд ЖДҮХСан яамдуудын хооронд 5-н удаа шилжилт хөдөлгөөн хийгдэж байсан нь төрийн бодлого алдагдсныг харуулж байгаа бөгөөд жижиг, дунд үйлдвэрийн асуудалд УИХ, Засгийн газар онцгой анхаарах цаг болсныг илтгэж байна../
-
Өсөж дэвших боломжийг эрэлхийлж, жил бүр ахиц дэвшил гаргасан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг шалгаруулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах,
Дөрөв. Засгийн газрын бүрэн эрхийн талаар:
-
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамддаг нэг асуудал бол мэргэжилтэй, ур чадвартай ажилчид байдаггүй. Иймд Их,дээд сургуулийн тоог эрс багасгаж,уг шинэчилсэн найруулгын төслийн 15 дугаар зүйлд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний мэргэжилтэй ажилчид бэлтгэх МСҮТ-ийн санхүүжилтийн тодорхой хувийг төрөөс гаргах, МСҮТ-ийн суралцагчдад сургалтын тэтгэмжийг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулж олгох ” гэж нэмж тусгах,
-
Үндэсний үйлдвэрлэгч,үйлчилгээ эрхлэгчдийг импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ экспортонд гаргахад чиглүүлэх урт хугацааны бодлоготой болгох талаар уг шинэчилсэн найруулгын төслийн 15 дугаар зүйлд нарийвчлан зааж өгөх.
-
Монгол улсын Ерөнхий сайдын дэргэд Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөл / зөвлөлийн бүрэлдэхүүний 60-аас доошгүй хувийг төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах /-ийг байгуулж, төсвөөс олгож буй хөрөнгө оруулалт, ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулалт, зарцуулалтанд хяналт тавих,
Тав. Бусад асуудлаар:
-
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний арван хувийг төр худалдан авч, дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд “Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын 10 хувийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс худалдан авах”гэсэн заалтыг заавал оруулж, энэ заалтыг зөрчсөн тендерийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцож, огцруулах талаар тусгаж өгөх.
-
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн төсөлд санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрхэд зааж өгсөн бөгөөд хяналт тавих журмыг Засгийн газар батлах,
-
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих УИХ-н гишүүдийн “Лобби” бүлэг байгуулах.
-
“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 16 дугаар зүйлийн 16.2-д “ ...төрийн зарим чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн төрийн бус байгууллагад шилжүүлж болно” гэж тусгасан боловч төрийн бус байгууллага, .мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагаар хийлгэх ажлын чиглэлийг тогтоох, санхүүжилтийг шийдвэрлэх,
-
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд татварын тааламжтай, уян хатан бодлогыг тодорхойлж, татварын хуулиудыг яаралтай хэлэлцүүлж батлах,
-
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа болон үндэсний бараа бүтээгдэхүүнийг сурталчилдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрөөс дэмжих, татвар , НӨАТ хөнгөлөлт үзүүлэх.
Эдгээр асуудлыг УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулинд тусгаснаар жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бааз суурь өсч, монголын эдийн засагт хувь нэмрээ оруулж, өрсөлдөх чадвартай болно.
Монгол улс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэнээр ажилгүйдэл, ядуурал багасгах, нийгмийн чинээлэг дундаж давхаргыг өсгөх, мөн Монгол улсын эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлөх сайн талтай бөгөөд энэ салбарт ажиллаж буй 800.000 мянга гаруй хүний эрх ашгийг хамгаалж, манай орны жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр Монгол улс өөрийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж, импортлогч орноос экспортлогч орон болох бүрэн боломжтой тул дээрх заалтуудыг хуулинд тусгаж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД – МОНГОЛЫН БАЯЛАГ
Хүндэтгэсэн:
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ / Б.БАТДЭЛГЭР /