Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүд 2018 оны эхний хагас жилд хийсэн ажлаа дүгнэж, сүүлийн хагас жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө шинэчлэн баталлаа.Тодруулбал Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнгөрөгч хагас жилийн хугацаанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороон дарга нарын зөвлөгөөн, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль, Татварын хуулийн цуврал хэлэлцүүлгүүд, мөн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форумыг зохион байгуулж форумаас гарсан саналыг нэгтгэн УИХ-ын гишүүдэд зөвлөмж хүргүүлсэн байна.
Мөн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Б.Батдэлгэрийг холбооны гүйцэтгэх захирлаар томилж, тамга тэмдгийг гардуулан өглөө.
УИХ-аар баялаг бүтээгчдэд нэн шаардлагатай Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Тендерийн тухай хууль зэрэг багц хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 800 гаруй мянган үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгүүдэд өргөнөөр оролцож баялаг бүтээгчдийг дэмжих холбоо саналыг нэгтгэн ажлын хэсэг, хууль санаачлагчдад уламжилж байна. Гэвч үйлдвэрлэл эрхлэгчдийн бодит үйл ажиллагаанаас урган гарсан олон бүтээлч саналыг хуулийн төсөлд тусгалгүйгээр үл тоож байгаад баялаг бүтээгчдийг дэмжих холбоо шүүмжлэлтэй хандаж байлаа. Монгол Улс эдийн засгийн хувьд хүндхэн байгаа энэ үед улсын төсвийг нуруун дээрээ үүрч яваа баялаг бүтээгчдийн асуудалд төр хойрго хандалгүй баялаг бүтээгчдийн саналыг хуулийн төсөлдөө оруулах шаардлагатай байгааг удирдах зөвлөлийн гишүүд өнөөдрийн хуралдаанаар онцоллоо.
Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийн ажлын хэсгийн дэд даргаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр ажиллаж байна. Хамгийн сүүлд л гэхэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороонд мэргэжлийн холбоодын төлөөлөл болж "БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО" нэмэгдэж орсон юм.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нийт 11 ажлыг үр бүтээлтэй хийсэн байна. Харин ирэх намар мянган баялаг бүтээгчдийн чуулган болон баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг улсын их хуралд өргөн барина гэдгээ мэдээллээ.