Өвөрхангай аймаг Бат-Өлзий сум
Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий баялаг бүрээгчдийг алдаршуулахаар зорьлоо. Байгалийн үзэсгэлэнт газар олонтой тус сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн зүүн захын хошуу нутаг юм. Өвт, Бүрэгтий, Улаан ам, Зөрүүлэг, Хүйтэн булаг гэсэн нийт таван багийн 2174 өрхөд 7200 гаруй хүн оршин суудаг.
Нутгийн нүүр царай болсон өвөрмөц тогтоц бүхий Улаан голын хүрхрээ, Хоргой хүрэм, Хангайн цагаан чулуу, Хан баян уул, Үүртийн тохой, Орхоны бага хүрхрээ, Цагаан голын хүрхрээ, Төвхөн хийд, Гүнжийн ам зэрэг үзэсгэлэнт газрууд нь дотоод, гадаадын жуулчдын анхаарлыг татаж, сонирхон үздэг юм. Мөн хүний эрүүл мэндэд тустай нь нотлогдсон Хятруун, Могойт, Хамар, Үүрт, Хустын халуун, хүйтэн рашаантай.
Нийт газар нутгийн хэмжээ 242.8 га бөгөөд 40 орчим хувь нь буюу 107.8 га нь бэлчээр, ой мод 40 хувь, хад асга 16 хувь, гол горхи 3 хувийг эзэлдэг ба нийт нутгийн 80 орчим хувь нь Байгалийн цогцолбор газарт хамрагдан тусгай хамгаалалтанд байдаг.
Сумын хэмжээнд нийт 34 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, улсад 7808.9 төг, орон нутагт 235774.5 төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Тус суманд 35 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бий бөгөөд үүнд, газар тариалан, фермер, мод модон эдлэл, барилгын материалын үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, гар урлал, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа тэлж, сумын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Нийт нутгийн 80 орчим хувь нь Байгалийн цогцолбор газарт хамрагдан тусгай хамгаалалтанд байдаг.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх нь байгалийн баялаг дээрээ түшиглэн үйлдвэрлэл явуулж, аймаг сум цаашлаад нийслэл хот руу ч бүтээгдэхүүнээ борлуулдаг байна. Харин тэдний гол тулгамдаж буй асуудал нь зээлийн хугацааг багасгаж, мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах гэх мэт бизнес эрхлэгчдэд нэн түрүүнд тулгамддаг асуудлууд гардаг тухайгаа ярьж байсан юм.
Ингээд Бат-Өлзий сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарыг танилцуулъя.
Гэрийн модоороо хэзээнээс алдартай гэдэг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумынхан үе удмаараа гэрийн мод хийх ухаанд суралцаж, хамгийн ур хийц сайтай, чанартай гэх гэрийг үйлдвэрлэсээр иржээ. 18 өрх нийлж Буян-Арвижих нөхөрлөлийг байгуулан, 2006 оноос цоолбор хээтэй гэрийг анхлан санаачилан хийж зөвхөн өөрийн аймагтаа бус хэд хэдэн аймаг руу борлуулдаг болжээ. Мөн тэдний бас нэгэн давуу тал гэвэл залуу гэр бүлд зориулж Хаан банк, Төрийн банкны лизингээр гэрээ борлуулдаг аж.
Цонх бол гэрэл гэгээг түгээгч. Айл гэрийн хамгийн чухал зүйл бол мэдээж цонх юм. Тэгвэл Бат-Өлзий сумынхаа вакуум цонхны хэрэглээг бүрэн хангадаг “Мөнхнаран-Цацралт” вакуум цонхны үйлдвэр өдгөө үйл ажиллагаагаа явуулаад таван жилийн босгыг алхаж байна. Жилдээ Бат-Өлзий сумын 200 гаруй айлын вакуум цонхыг хийжээ. Тэд өвөлдөө цонх хийлгэсэн айлуудаа эргэж, засвар үйлчилгээг үзүүлдэгт нутгийнхан нь таатай байдаг гэнэ.
2012 оноос үйл ажиллагааны чиглэлээ тасралтгүй явуулж буй “Сүүн далай трейвэл”-ийн үртсэн шахмал түлш буюу харандаа түлшийг онцолж байна. Аймагдаа анхдагч тэдний хувьд одоогийн байдлаар өдөрт 100 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Гэвч энэ нь 100 хувийн хүчин чадлаараа ажиллаагүй, ердөө цөөхөн хэдэн хувийг эзэлж байгаа аж. Тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлбэл үүнээс ч ихийг хийж борлуулах боломжтой гэдгийг тус үйлдвэрийн менежер ярьж байсан.
Д.Тэмүүлэн