Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хувьд цар тахал багагүй хохирол учруулсан. Энэ асуудалтай дасан зохицож, үйлдвэр, үйлчилгээ сэргэж эхэлсэн ч цар тахлын мутац хувилбар гарах бүрт тэдний үйл ажиллагаа хязгаарлагдаж байна. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Өмнөд Африкаас гаралтай Ковид-19-ийн шинэ мутац хувилбар B.1.1.529 Европын орнуудаар тархаж эхэлсэн. Үүнээс шалтгаалж зарим улс хилээ хааж эхлээд байна. Энэ нь удаан хугацаанд цар тахлын нөхцөл байдлыг андан хүлээж байсан зарим ЖДҮҮ эрхлэгчдийг шахаанд оруулжээ. Ялангуяа аялалын салбарт хувиараа бизнес эрхэлдэг иргэдийн урт хугацааны хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн гэж тус салбарын төлөөллүүд хэлж байна.
Монгол Улсын ЖДҮҮ эрхлэгчдийн хувьд вирусийн шинэ мутац гарсан эсэхээс үл хамааран нөхцөл байдал хүндрэх нь тодорхой байсан гэж мэргэжлийнхэн дүгнэсэн. Гэвч ирэх ёстой хүнд цаг үеийг B.1.1.529 хувилбар илүү эрт дуудсан гэж хэлж болно. Одоо ЖДҮҮ эрхлэгчдэд өмнөх шигээ цар тахлын нөхцөл байдлыг харзнах тэнхэл дутаж байна. Тиймээс төр засгийн зөв шийдвэр тэдний ганц найдвар юм. Харамсалтай нь шинэ мутац вирусийг басаж болохгүй гэдгийг ДЭМБ-ын зүгээс анхааруулаад байгаа. Тодруулбал өчигдөр буюу 2021 оны 11-р сарын 26-нд ДЭМБ-ын дэргэдэх бие даасан шинжээчдээс бүрдсэн Ковид-19-ийн вирусийн хувьслыг судлах зөвлөх хороо SARS-CoV-2 вирусийн B.1.1.529 хувилбарыг үнэлэх зорилгоор хуралджээ.
B.1.1.529 хувилбар нь анх 2021 оны 11-р сарын 24-нд ДЭМБ-д бүртгэгдсэн бөгөөд Өмнөд Африкт 2021 оны 11-р сарын 9-ний өдөр өвчтөнөөс цуглуулсан сорьцоос илэрсэн байна. Өмнөд Африкт халдварын 3 давлагаа бүртгэгдсэнээс сүүлийнх нь Дельта хувилбараар үүсгэгдсэн. Сүүлийн долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдсэн нь B.1.1.529 хувилбар илэрсэнтэй давхцаж байна.
Тус хувилбарт олон тооны мутац байгаа бөгөөд урьдчилсан байдлаар бусад хувилбаруудтай харьцуулахад B.1.1.529 хувилбар нь дахин халдварлуулах чадвар өндөр байгаа юм. B.1.1.529 хувилбараар үүсгэгдсэн тохиолдол Өмнөд Африкийн бүх мужид бүртгэгдээд байна.
Одоогоор хэд хэдэн судалгаа хийгдэж байгаа бөгөөд цаашид энэ хувилбарыг үргэлжлүүлэн судална гэдгийг зөвлөх хороо мэдээлжээ.
Ковид -19 өвчний тархвар зүйд гарч буй өөрчлөлт дээр үндэслэн B.1.1.529 хувилбарыг онцгой анхаарал татах хувилбар гэсэн ангилалд оруулж, Омикрон (Omicron) гэж нэрлэсэн байна.
Манай улс төдийгүй дэлхий нийт ийм нөхцөл байдалд өмнө нь хэд хэдэн удаа орж байсан тул өмнөх алдаанаасаа суралцаж, асуудлыг олон талаас нь бодож шийдвэр гаргах шаардлагатай юм.
СЭТГҮҮЛЧ Б.УРАНТУЯА