10 наснаасаа бялуу, нарийн боов хийж сурч, 17 насандаа өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн “Номуун” дунд сургуулийн сурагч Б.Мишээлтэй ярилцлаа.
-Сайн байна уу. “Misheel’s Bakery” цахим хуудсаар нь хүмүүс мэддэг юм билээ. Уншигчдад өөрийгөө танилцуулбал?
-Сайн байцгаана уу. Намайг Батболдын Мишээл гэдэг. Одоо 17 настай. “Номуун” сургуулийн ахлах ангийн сурагч.
-Мишээл хамгийн анх 10 настайдаа нарийн боов хийж сурч байсан гэсэн. Нарийн боов хийх хоббитой болоход юу нөлөөлсөн вэ?
-Тухайн үед манай эгч нарийн боов хийдэг байсан учраас эгчийгээ хараад нарийн боов хийх сонирхолтой болсон. Тэр цагаас хойш ойр зуурын аяган кекс, гэрийнхэндээ зориулж амттан хийж өгдөг болсон. Өнгөрсөн жилийн тавдугаар сард өөрийн фэйж хуудсаа нээж, бэйкеригээ ажиллуулаад явж байгаа. Миний хувьд нарийн боов хийх чиглэлээр ямар нэг сургалтад сууж байгаагүй. Харин “YouTube” болон фэйсбүүкийн бичлэг үзэж сурсан. Энэ нь надад илүү амар санагддаг.
-Бүтээгдэхүүнээ хамгийн анхны үйлчлүүлэгчид өгч байхад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Бид өмнө “креспи кремтэй пафф”-ийг ер нь хийж үзэж байгаагүй. Нэг өдөр хийж үзмээр санагдаад хийж үзээд хамгийн анх гэрийнхэндээ амтлуулсан. Гэрийнхэн маань амттай байна, болж байна гэж урам өгсөн өгсөн учир долоо хоног бэлтгэл ажлаа хийж бүтээгдэхүүнээ хийсэн. Хамгийн анхны хэрэгчдэдээ хүргэхэд сэтгэл хангалуун хүлээж авсан учир үргэлжлүүлж хийх урам зориг орсон.
-Удахгүй ерөнхий боловсролын сургуулиа төгсөх гэж байна. Цаашдаа энэ хоббигоо хөгжүүлээд энэ чиглэлийн мэргэжилтэй болъё гэж бодож байна уу, эсвэл өөр мэргэжлээр сурах хүсэлтэй байна уу?
-Бизнесийн талаар сонирхож байгаа учраас бизнесийн удирдлагаар сурна гэж бодож байгаа. Тэгэхдээ энэ хоббигоо хаяхгүй, сурахынхаа хажуугаар ажиллуулаад явна. 18 нас хүрэхээрээ бэйкеригээ өргөжүүлж, кофе шоп болно гэсэн зорилготой байгаа.
-Бэйкеригээ нээгээд нэг жил болох гэж байна. Нэг жилийн хугацаанд ямар амжилт гарсан гэж харж байгаа вэ?
-Нэг жилийн хугацаанд олон үйлчлүүлэгчтэй болсон нь хамгийн том амжилт. Анх бүтээгдэхүүнээ зарж эхлэхдээ аавынхаа фэйсбүүк хаяг дээр зар оруулж, аавын хүрээлэл, найзуудын дунд зардаг байсан. Тэр хүмүүст маш их таалагдаж байсан учраас би илүү олон хүнд бүтээгдэхүүнээ хүргэх хэрэгтэй юм байна гэж бодоод тусдаа хуудсаа нээсэн. Одоо фэйсбүүк хуудас маань 10 мянга гаруй дагагчтай, өдөр бүр захиалга авдаг болсон.
-Өөрийн бизнесээ эхлүүлээд амжилттай явж байна. Санхүүгийн хувьд аав, ээжээсээ хараат бус болсон байх?
-Бэйкери ажиллуулж эхэлсэн цагаас эхлээд аав, ээж хоёроос гутал, хувцас гэх мэт өөрийн авахыг хүссэн зүйлийнхээ мөнгийг авахаа больсон. Би хэрвээ гутал, хувцас авахыг хүсч байгаа бол би тэр мөнгөө ямар арга замаар яаж олохоо өөрөө сэтгээд авах гэсэн үзэл бодол суусан. Ерөнхийдөө санхүүгийн хувьд шууд хамааралгүй болчихсон.
-Цар тахлаас үүдэн хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Үүнээс шалтгаалаад бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон уу?
-Бүтээгдэхүүнд ордог материалуудын үнэ бүгд өссөн. Бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулбал хүмүүс авахгүй байх гэж бодсон. Тийм учраас хэмжээг нь багасгаж олон болгоод зарвал алдагдал гарахгүй юм байна гэж бодоод бүтээгдэхүүний хэмжээг бага зэрэг багасгасан.
Бүтэлгүйтэхээс бүү ай, бүтэлгүйтэл чамд туршлага болно
-Цаашдаа бэйкеригээ өргөжүүлэхийн тулд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Цаашдаа илүү олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргая гэж бодож байгаа. Тэгэхдээ яг одоогийн байдлаар хийж байгаа бүтээгдэхүүнээ дагнаад явбал илүү ашигтай байх гэж харж байгаа. Одоо хийж байгаа “креспи кремтэй пафф” бол миний гол бүтээгдэхүүн гэж болно. Дотроо 10 ширхэгтэй, нэг ширхэг нь 1500 төгрөг, хайрцгаараа 15’000 төгрөгөөр худалдаалдаг.
-Ямар нэгэн шинэ зүйлийг эхлүүлэхэд хүндрэл бэрхшээлүүд гарч ирдэг. Чиний хувьд хүндрэл бэрхшээл гарч байсан уу?
-Бэйкери нээхэд хүндрэл бэрхшээл нээх тулгараагүй. Яагаад гэвэл аав, ээж хоёр намайг маш их дэмжсэн. Мөн хүмүүсийн урмын үг надад маш том зориг, дэм болж өгсөн. Харин бүтээгдэхүүний хийх явцад шантрах тохиолдол их гарч байсан. Зарим пафф хөөгөөд гоё хэлбэртэй гарна, зарим нь хөөхгүй гамбир шиг болно гэх мэт асуудлууд их гарч байсан. Тэр болгонд шантарч болъё гэж бодоогүй, харин илүү юун дээр алдсан вэ гэдгээ судлаад, анхаарч ирсэн. Ерөнхийдөө бүтэлгүйдсэнийхаа хэмжээгээр туршлагатай болсон доо.
-17 насандаа өөрийн нэрийн бэйкригээ нээгээд явж байгаа нь маш том амжилт шүү дээ. Тийм учраас үеийнхэндээ хандаж урам зориг өгөхгүй юу?
-Үеийнхэндээ хандаж хэлэхэд боломж байхгүй гэж гэж суухаас илүү өөрийн хийж чадах зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөвөл маш олон боломж гарч ирдэг. Тэгэхээр хүлээгээд байлгүй анхныхаа алхмыг бүтэлгүйтээд ч хамаагүй хийгээд үзвэл илүү их туршлагатай болно. Бүтэлгүйтэхээс битгий айгаарай.
-Бүтээгдэхүүн хийгээд борлуулж эхлэхэд ямар байв. Хүмүүст хэрхэн таниулсан бэ?
-Борлуулалтын хувьд харин хамгийн хэцүү зүйл нь хүргэлт юм болов уу. Яагаад гэвэл энэ төрлийн бүтээгдэхүүн эмзэг байдаг учраас хурдан, шуурхай хэрэглэгчийн гарт хүргэж өгөх нь чухал юм билээ. Анх өөрийгөө эхлээд хүмүүст танилцуулах хэрэгтэй юм байна гэж бодоод групп дээр өөрийнхөө танилцуулгатай постыг оруулж байсан юм байна.
-Хүргэлтээ яаж шийдсэн бэ? Өөрөө хүргэдэг байсан гэж сонссон.
-Одоо бол хүргэлтийн компанитай хамтарч ажиллаж байгаа. Өмнө нь ааваараа хүргүүлдэг байсан. Аав, ээж хоёр маань намайг юу ч хийсэн дэмждэг. Хэрэгтэй зүйл юу байна гэж тусалж дэмждэгт нь үргэлж баярладаг.
-Өдөрт дунджаар хичнээн захиалга авдаг вэ. Захиалгаа хийхэд хүндрэл гарах үе бий юу?
-Өдөрт 10 хүн захиалга өглөө гэж бодоход 100 пафф хийнэ гэсэн үг. Өнөөдөр би эхний захиалгаа аваад долоон цагийн турш хийлээ. 23 цагт эхлээд өглөөний 07 цагт дууссан. Гэхдээ огт оргүй хоосон зүйлийг бий болгоод хүмүүсийн аз жаргалтай өдрийн нэг амт нь болж очихыг харах мэдрэмж дараа нь маш гоё байдаг. Хүмүүсийн халуун дулаан үгсээс урам зоригийг мөн авдаг.
-Амттаныхаа жорыг хэрхэн олдог вэ?
-Жороо Youtube-ээс болон зарим хоолны суваг Instagram хаягуудаас хардаг.
-Гал тогоо нь хаана байрладаг вэ. Одоогоор гэрээрээ хийдэг үү?
-Одоогийн нөхцөл байдалд гэрээсээ хийж, хүргэж байгаа. Яваандаа жижиг цех ч юм уу, кофе шоптой болъё гэж зорьж байна.
-Удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа юм байна. Цаашид энэ чиглэлээрээ мэргэших бодолтой юу?
-Ер нь бүтээгдэхүүн хийгээд борлуулаад, зараад явж байхад өөрийгөө бизнесийн тал дээр сонирхолтой юм болов уу гэж ажиглаад байгаа. Тиймээс бизнесийн удирдлагын мэргэжлийг бодчихсон байгаа.
-Жор хараад хүн болгон бялуу хийж чаддаггүй. Дуртай зүйлээ хийх үедээ ямар мэдрэмжийг авдаг вэ?
-Аливаа нэг амттаны зургийг нь харлаа гэхэд өөрийн гараар оролдоод чадна гэж бодохоор сайхан шүү. Миний хувьд юм болгонд дурсамж бүтээхийг хүсдэг. Амьдралд хамгийн чухал зүйл нь л энэ болов уу гэж боддог.
-Ярилцлагын төгсгөлд өөрийн бүтээхийг хүсдэг ирээдүйн талаар хуваалцаж болох уу?
-Тухайн үед юу болохыг тааж мэдэхгүй ч дараа жил гэхэд 18 насандаа өөрийн гэсэн кафе, кофе шопийг нээнэ гэж төлөвлөж байна даа.
ЭХ СУРВАЛЖ: http://itoim.mn/