• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-02-05 12:00:00
  • 2192
SHARE TWITTER
     Монгол улс сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлээд хоёр дахь өвлийнхөө нүүрийг үзэж байна. Түүхий нүүрснээс салж шахмал түлш хэрэглэснээр агаар дахь PM тоосонцрын хэмжээ эрс багассаныг нийтээрээ ажигласан. 
    
Гэвч шахмал түлшээ хийхийн тулд урд хөршөөс авсан барьцалдуулагч бодис нь чанар муутайн улмаас бутарч, агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ өмнөх жилүүдээс нэмэгдсэн билээ. Энэ асуудлыг шийдэхээр Б.Очир захиралтай Монголын “Баргил тех” ХХК эко барьцалдуулагч бодисыг үйлдвэрлэсэн юм. Агаар дахь хүхэрлэг хийн хэмжээг 2-3 дахин, PM тоосонцрын хэмжээг ч мөн хэд дахин бууруулах уг эко бүтээгдэхүүнийг Монголын эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрч импортын бүтээгдэхүүнээс илүү болохыг нотолсон. 
   Гэтэл хоёрхон өдрийн өмнө Засгийн газрын хуралдаанаар уг "Эко барьцалдуулагч"-ийг үндэсний "Шилдэг инновацын бүтээгдэхүүн" хэмээн шагналаа. Улмаар "Таван толгой түлш" компани ч ашиглахыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн ч энэ шийдвэрийг тэд дангаараа гаргадаггүй аж. 
    
Тэгвэл импортын бүтээгдэхүүнээс хэд дахин илүү, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах уг бүтээгдэхүүнийг Засгийн газар яагаад ашиглахгүй байна вэ? Импортын барьцалдуулагчаас хямд үнэ, илүү чанартай бүтээгдэхүүнийг ашиглахгүй байх нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой юу? 

   
Цар тахлын улмаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого буурсан энэ үед тэднийгээ дэмжих бодлогоо түлхүү барих нь зүйн хэрэг баймаар юм. 
 
Барьцалдуулагч бодисын түүхий эд болох гидратын шохойг Дархан-Уул аймаг дахь өөрсдийн үйлдвэрээс нийлүүлж ямар нэг Засгийн газар, гадаадын тусламжгүйгээр Монгол залуус дотооддоо хийсэн шилдэг бүтээл болсон юм.
Гэвч шахмал түлш үйлдвэрлэгч "Таван толгой түлш" компани уг барьцалдуулагчийг ашиглахаас татгалзсан хариуг өнгөрсөн зун өгсөн. Дотоодын хэрэглээгээ бүрэн хангахуйц үйлдвэрээ барьчхаад зөвхөн Засгийн газар, "Таван толгой түлш" компанийг хүлээн суугаа уг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид төрийн зүгээс нүүр өгсөнгүй.
Тэгвэл энэ талаар шахмал түлшний барьцалдуулагчийг Монголдоо бүтээж, үйлдвэрлэл эхлэхэд бэлэн болсон “Баргил тех” ХХК-ийн захирал Б.Очиртой ярилцлаа. Тус компанийн барьцалдуулагч нь байгаль орчинд ээлтэй, агаар дахь хүхэрлэг хийн хэмжээг багасгах ач тустай эко бүтээгдэхүүн хэмээн ярьсан юм.
-Шахмал түлшний импортын барьцалдуулагчийг орлох тус эко барьцалдуулагчийг үйлдвэрлээд эхэлчихсэн үү?
-Үйлдвэрлэл эхлэхэд бэлэн болсон үйлдвэрийн барилгын тоног төхөөрөмжийг угсарсан ба оффисын барилгаа барьж амжаагүй байна. “Таван толгой түлш” ХХК-тай гэрээ хийгээгүйн улмаас одоогоор үйлдвэрлэл эхлээгүй. Манай талаас бүх туршилт, тохируулгаа 2019 оноос эхлэн хийгээд бэлэн болгочихсон. Манайхаас худалдаж авна гэвэл үйлдвэрлэхэд хэзээд бэлэн. 
 
-Өнгөрсөн зун хэрэглэсэн шахмал түлш агаар дахь PPM тоосонцрыг багасгасан ч хүхэрлэг хийн хэмжээг нэмэгдүүлсэн гэж шүүмжлэл дагуулсан. Танай компанийн барьцалдуулагч хүхэрлэг хийг бууруулах боломжтой юу?
-“Таван толгой түлш” ХХК-ийн хэрэглэж буй нүүрсний хүхрийн агууламж өндөр. Багануур, Налайхын нүүрснээс хоёр дахин их. Тиймээс шаталтын явцад хүхэрлэг хий их ялгардаг бөгөөд өнгөрсөн өвлийн агаарын чанарын мэдээнээс тодорхой харагдсан шүү дээ. Харин манай барьцалдуулагчийн үндсэн түүхий эд нь гидратын шохой юм. Дэлхий даяар шахмал түлш үйлдвэрлэдэг олон орон бий. Тухайн орнуудын шахмал түлш үйлдвэрлэхэд үндсэн түүхий эд нь мэдээж нүүрс, барьцалдуулагч болон хүхэр бууруулагч бодис заавал хийдэг.

Хүхэрлэг хийг бууруулах 400 гаруй аргачлал байдгаас хамгийн энгийн, олдоц ихтэй, эдийн засгийн хувьд хямд, үр дүнтэй арга нь шохой ашиглах юм. Манай компани 2017 оноос “MNS 6738:2018” стандартын гидратын шохойг Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн. Шохойн боловсруулах үйлдвэр маань Дархан-Уул аймагт байдаг. Тэндээс гидратын шохойгоо татаж авчраад холих, савлах ажиллагаагаа энэ үйлдвэртээ хийнэ. Уг барьцалдуулагчаар “Таван толгой түлш” ХХК дээр туршилтаар шахмал түлш хийсэн. Тус шахмал түлшээ Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын харьяа утаанаас хэмжилт хийдэг лабораторид шинжлүүлэхэд хүхэрлэг хийн агууламж стандартын байх ёстой хэмжээнээс дөрөв дахин бага байсан. Одоо байгаа шахмал түлшний хүхэрлэг хийн хэмжээ стандартаас давчихсан байгаа шүү дээ. 

2018 оны арваннэгдүгээр сарын 23-наас мөрдөж эхэлсэн “MNS 6738:2018 Гидратын шохой Техникийн шаардлага” стандарт нь гидратын шохойг үйлдвэрлэх, хүлээн авах, савлах, хаяглах, тээвэрлэх, хадгалах, шинжлэх шаардлагад хамаарна. Уг стандартад "гидратын шохойг арьс ширэн түүхий эдийн үсийг түрхлэгийн ба түрхлэгийн бус аргаар авах, шохойдлогын дамжлагад ашиглана. Мөн ус саармагжуулах, барилгын материал, газар тариалан, хлорын шохойн үйлдвэрлэл гэх мэт олон салбарт хэрэглэнэ. Арьс ширний боловсруулалтад дутуу шатсан шохойн чулуу, элс, шороо зэрэг гаднын хольцгүй 90-ээс 95 хувийн гидратын шохойг ашиглана” хэмээн заасан байдаг.

-Гидратын шохой хүхэрлэг хийг хэрхэн бууруулдаг юм бэ?
-Шохой бол CaOH, хүхэрлэг хий бол SO2. Шаталтын явцад хүхэрлэг хий нь шохойтой нэгдээд CaSO4 гэх гипс буюу гөлтгөнө болдог. Агаарт хий болж дэгдэхгүйгээр шохойдоо нэгдэж гипс болоод үнсэндээ үлдэнэ гэсэн үг. /Гөлтгөнийг барилга, металлын хүдрийг баяжуулах процесс, эмнэлэгт хэрэглэдэг/ Энэ бол би зохиогоод гаргаад ирсэн зүйл биш дэлхийд батлагдчихсан туршилт, химийн урвал юм.
ӨДӨРТ 120-150 ТОННЫГ ҮЙЛДВЭРЛЭНЭ, ИМПОРТЫГ 100 ХУВЬ ХАНГАНА 
-Тус үйлдвэр цагт хэчнээн тонн барьцалдуулагч үйлдвэрлэх хүчин чадалтай вэ? Импортыг орлож, дотоодын хэрэгцээгээ 100 хувь орлож чадах уу?
-100 хувь хангана. Манай холих төхөөрөмж 1.5 кубийн хоёр голтой, холигч тогоотой. Гаднаа 200 тоннын багтаамжтай түүхий эд хадгалах савтай. Суурилагдсан хүчин чадлаараа нэг тонн барьцалдуулагч гаргаад савлахад 20 секундийн хугацаа зарцуулна. Савлах, зөөх хугацаатайгаа нийлээд 1 тонн барьцалдуулагчийг 10 минутад л хийнэ. Цагт багадаа 20 тонныг хийх боломжтой. Тэгэхээр өдрийн найман цагаар тооцоход өдөрт 120-150 тонныг үйлдвэрлэнэ. Харин Нийслэл хотын шахмал түлшний жилийн хэрэгцээ дээд тал нь 1 сая тонн. Түүний гурван хувьд нь барьцалдуулагч ордог гэхээр жилд 30 орчим мянган тонн барьцалдуулагчийн хэрэгцээ бий. Түүнийг 12 сар, ажлын өдрүүдэд хуваахаар өдөрт дээд тал нь 60 тонн барьцалдуулагч хэрэгтэй юм. Түүхий эдээ бид 100 хувь дотоодоосоо авна.
-Импортоор оруулж ирдэг барьцалдуулагчийн үнээс бага байх уу? Эдийн засгийн давуу талаас нь яривал?

-Манай улс жилдээ 20 орчим тэрбум төгрөгийн барьцалдуулагчийг Хятадаас худалдаж авдаг. Тэгэхээр нэгдүгээрт тэр их мөнгө дотооддоо үлдэнэ. Мэдээж 20 тэрбум төгрөг дангаараа манайд ашиг болж үлдэхгүй. Түүний 15-20 хувь нь татварт явахаас гадна манай ханган нийлүүлэгч компаниудад шилжинэ. 10 орчим тэрбум төгрөг нь дотоодын аж ахуй нэгжүүдэд бодитой орлого болж үлдэх юм. Дээрээс нь тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн явцад хамгийн багадаа шууд 150, дамнаж бодоход 400 гаруй  ажлын байр шинээр бий болно. Миний олж авсан мэдээллээр нэг тонн барьцалдуулагчийг Хятадаас 1 сая 650 мянган төгрөгөөр авдаг. Харин манайх тэр үнээс нь 20 хувь доогуур өгөх боломжтой. Дотоодынхоо түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэж байгаа болохоор мэдээж хямд байх нь ойлгомжтой шүү дээ. Мөн Хятадаас авч буй барьцалдуулагч зөвхөн барьцалдуулах үүрэгтэй бол манайх давхар хүхэрлэг хийг нь бууруулна. Тэгээд ч барьцалдах чанарын хувьд манайх илүү. 

Би шахмал түлшний үйлдвэрлэлийг хариуцсан хүн нь биш болохоор түлшний үнэ буурах эсэхийг мэдэхгүй байна. Одоо үйлдвэрлэж буй шахмал түлшийг зууханд 50-70 орчим минут жигнэж, хатааж байж биеждэг. Харин манай барьцалдуулагчаар үйлдвэрлэсэн тохиолдолд 20-30 минутад бүрэн хаталт авна. Хаталтын хугацаа богино болбол “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэнэ. Хамгийн багадаа хоёр дахин. Тэр хэрээр бүтээгдэхүүний өртөг буурна. Нэг ээлжид 20 хүн ажиллаж 100 тонныг хийдэг бол хоёр дахин нэмэгдэхэд 200 тонн болж, ажиллах хүчний зардал 50 буурах нь байна шүү дээ. Энэ талаас нь харахад шахмал түлшний үнэ буурах боломжтой. Хятад барьцалдуулагчийн чанар тааруугаас болоод бутарч, борлуулалтын цэгүүд дээрээ шигшээд л зогсож байсан. Үүнээс болоод айлуудад хогтой үйрмэгтэй түлш очно. Хог үйрмэгээс нь угаарын хий ялгарна. 
 

-Танайх “Бөсгөсөн шохой” хэмээн нэрлэсэн тус гидратын шохойг өөр юунд хэрэглэдэг вэ? Ямар ач тустай вэ?
-Манай шохойг маш олон салбарт хэрэглэдгийн нэг нь арьс ширний үйлдвэрлэл. Шохойг арьс ширний үс зумлахад ашигладаг. Бид шохойгоо арьс ширний боловсруулах технологид нэвтрүүлж, стандартыг нь батлуулсан. Манай шохойгоос өмнө хэрэглэж байсан шохой нь их хэмжээний хог хаягдалтай. Үүнээс болж арьс ширний үйлдвэрээс гарч байгаа бохир уснаас лаг үүсдэг. Тус лагаас болж “Харгиа” цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ байж, стандартын цэвэрлэгээгээ хийж чадалгүй хоёроос гурав дахин бохирдолтой усыг Төв цэвэрлэх байгууламж руугаа шахдаг. Төв цэвэрлэх байгууламж дээр бактериар биологийн цэвэрлэгээ хийдэг шүү дээ. Гэтэл арьс ширний үйлдвэрлэлээс ялгарсан өндөр бохирдолтой ус ирэхээрээ нөгөө бактерийг нь үхүүлчихдэг. Ингээд Төв цэвэрлэх байгууламж муу цэвэрлэгээ хийдэг асуудал бий. Манай шохойн хувьд хог шороо байхгүй, лаг шавар үүсгэхгүй тул аль аль талдаа ашигтай.

-Дархан-Уул аймаг дахь гидратын шохойн үйлдвэр нь түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Хөтөл хотын “Цемент шохой” ХК болон Дарханы шохой боловсруулах аж ахуйн нэгжүүдээс авдаг. Шохойн түүхий эд Монголд хангалттай бий. Монголчууд 1950-60 оноос эхлэн шохой шатааж байна.

 
-Шахмал түлшнээс ялгарах хүхэрлэг хийг бууруулах 400 гаруй арга байдаг гэж та ярилаа. Зарим аргаас нь дурдвал?
-Тухайлбал хүхэр бууруулагч тусгай бодис, сод ашиглах зэрэг олон арга бий ч ихэнх нь өндөр үнэтэй юм билээ. Хамгийн хямд зөв арга нь шохой буюу кальци ашиглах юм.
-Стандарт хэмжил зүйн газар болоод холбогдох байгууллагуудаас танай барьцалдуулагчийн стандарт, чанарыг нь шалгасан уу?
-Барьцалдуулагчаар хийсэн туршилтын бүтээгдэхүүний ерөнхий техникийн үзүүлэлтийг Геологийн төв лабораторид шалгадаг. Мөн барилгын материалын итгэмжлэгдсэн лабораториуд бий. Тус лабораториос стандарт шаардлага хангасан байна гэсэн тохирлын гэрчилгээ гаргаж өгсөн. Манайх оюуны өмчийн патентаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард авсан. Үйлдвэрлэх боломж байна гэдгээ танилцуулсан ч “Таван толгой түлш” ХХК-аас шийдэж өгөхгүй байна. Шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн нь Засгийн газрын зөв шийдвэр ч гэсэн энэ ажилд алдаа байсан. Алдааг нь засах зүйлийг бид гаргаад ирчихсэн хэрэгжүүлээч гэхээр доод, дунд шатандаа гацчихлаа. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжмээр байна. Эхэндээ манайхыг барьцалдуулагчаа хийх үйлдвэр байхгүй гэж байсан. Одоо үйлдвэрээ босгочихсон, хүчин чадал нь хангалттай, түүхий эд, инновац нь байна. Хүлээж авах байлгүй дээ л гэж харья даа. 
-Үйлдвэрийн барилгаа босгох, туршилт хийх зэрэг хөрөнгө оруулалтаа хаанаас авсан бэ?
-Улсын нэг ч байгууллага манайхыг дэмжээгүй. Гаднаас хөрөнгө оруулалт авалгүйгээр бид өөрсдийн хөрөнгөөр 2017 онд гидратын шохойн үйлдвэрээ барьсан. Одоо мөн л өөрсдийн хөрөнгөөр шахмал түлшний барьцалдуулагчийн үйлдвэрийг босгосон. Шинжлэх ухаан технологийн сангаас эрдэм шинжилгээний байгууллагуудад инновацын төсөл хэрэгжүүлэх санхүүжилт өгдөг. Ийнхүү гидратын шохой үйлдвэрлэх, арьс ширний үйлдвэрлэлд нэвтрүүлэх төсөл шалгарсан ба судалгаа шинжилгээ хийх 70 орчим сая төгрөгийг уг төслийн багт өгсөн юм билээ. Тухайн эрдэм шинжилгээний ажил дээр нь бид хөрөнгө оруулалт хийж эдийн засгийн эргэлтэд оруулсан юм. Өөрөөр хэлбэл манайх эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч ажилладаг.
 
-Танай компани шохойн үйлдвэрээ түшиглээд өөр ямар ажлууд хийж байгаа вэ? Мөн хийх вэ?
-Гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг халдваргүйжүүлэх төсөл боловсруулж холбогдох хүмүүст нь танилцуулаад, тодорхой хэмжээнд дэмжигдээд явж буй. Мөн одоо байгаа үйлдвэртээ түшиглээд, нэмэлт шугам угсарч шохойн суурьтай барилгын хуурай хольцын бүтээгдэхүүн гаргана. Тус бүтээгдэхүүнийг барилгад хэрэглэснээр ус, чийгээс хамгаалах ба хөгц мөөгний эсрэг үйлчилгээтэй. Мөн хөрсний хүчиллэгийг саармагжуулах зорилгоор хөдөө аж ахуйн салбарт хөрсний бордоо хэлбэрээр ашиглах төсөл бий. Хамгийн сүүлд нь авто замын стандартад оруулахаар бодож байна. Жишээ нь Хятад улсад гидратын шохойн хамгийн том зах зээл нь авто зам болоод цаасны үйлдвэрлэл байдаг. Манай улсад цаасны үйлдвэрлэл сайн хөгжөөгүй. Харин авто замд эрдэс хэлбэрээр оруулж болдог ба ингэснээр замын өртөг буурч, чанар сайжирдаг.
-Сайжруулсан шахмал түлш нь үнс ихтэй гэж шүүмжлэл дагуулсан. Танай барьцалдуулагч хүхэрлэг хийг агаарт бус үнсэнд шингээнэ гэхээр үнс өмнөх шахмал түлшнээс их болох уу?
-Үнс их байна гэдэг уул нь сайн. Үнс зуухандаа их үлдэнэ гэдэг PM10 тоосонцор агаарт дэгдэхгүй л гэсэн үг. Харин барьцалдуулагч нь түлшний ердөө 3 хувийг эзэлж байгаа тул үнсэнд төдийлөн нөлөөлөхгүй болов уу.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа
ЭХ СУРВАЛЖ : https://gogo.mn
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?