Тааварлаагүй үйл явдлаар дүүрэн, хүнд хэцүү нэгэн жилийн дараа амаргүй ч шинэ оны зорилгоо тодорхойлсноор бидний амьдралд бага ч гэсэн итгэл найдвар, ирээдүйн тухай эерэг сэтгэгдэл төрөх нь мэдээж. Хамаг төлөвлөгөө тань нурсан байж болох ч энэ жил шинэхэн дэвтэртээ хүрч болохуйц тодорхой хэд хэдэн зорилгууд заавал бичээрэй. Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрч чадвал өөртөө бат итгэж, өөрөөрөө бахархах билээ. Хөл хорионы үед шинэ оны зорилтуудаа үр дүнтэй, бодитойгоор төлөвлөхөд тань туслахаар үүнийг бэлдлээ. 
ЗОРИЛГЫНХОО ТАЛААР ДАХИН НЭГ УДАА ЭРГЭЦҮҮЛЭН БОД 
Он солигдож, календарь нэгдүгээр сарын нэгэн гэх он сарыг заах төдийд л урьдын бүх алдаагаа засаж, цоо шинэ хүн болно гэх итгэл өвөрлөдөг өөдрөг үзэлтнүүд цөөнгүй. Гэхдээ бодит үнэн гэвэл шинэ он гарлаа гээд хүн бүхэн урам зоригоор цэнэглэгдэж, эрч хүчээр дүүрэн нэгэн болоод хувирчихгүй. Энэ жил ч гэсэн өмнөх жилүүдийн адил урдаа тавьсан зорилгодоо бууж өгмөөргүй байвал цоо шинэхэн дэвтэр дээрээ дараалан бичсэн зорилгуудаа дахин нэг удаа нягтлан харж “яагаад би энэ зорилгод хүрэхийг тэгтлээ их хүсээд байна вэ?” гэх асуултыг өөрөөсөө асуугаарай. Бидний ихэнх нь жилийн дунд хавьцаагаас тавьсан зорилгоо "гээчихдэг" шалтгааныг Бейлорын их сургуулийн сэтгэл судлал, неврологиийн тэнхимийн профессор Сара Долан тайлбарлахдаа” Хүмүүс зорилгоо биелүүлэх урам зоригийг бусад хүмүүс, гаднын хүчин зүйлсээс хайх нь элбэг. Гэвч урам зориг гээч зүйл угтаа таны дотроос ундран гарч байх ёстой юм. Эс бөгөөс зуршлаа өөрчлөх гээд хялбархан бүтэлгүйтэх болно” гэжээ. Мөн шинэ онд тавьсан зорилгоо эргэн харах явцдаа ямар үр дүнг хүлээж буйгаа, мөн яагаад тэрхүү зорилгыг биелэл болгохыг хүсэж байгаагаа ахин тунгааж үзэх хэрэгтэй аж.

Жишээлбэл, та энэ жил илүүдэл жингээсээ салахын тулд бялдаржуулах клубтэй найзлахаар шийдсэн гэж бодъё. Та нийгэмд хэвийн хэмээн зөвшөөрөгдсөн жинд хүрч очихын тулд уу, эсхүл илүүдэл жинг таань шүүмжилж буй найз нөхдийнхөө амыг таглах гэсэн үү гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Жингээ хасах хүсэл нь дээрхтэй адил гаднын хүчин зүйлсээс хамааралтай бол зорилгодоо хүрэлгүй замын дундаас шантрах нь бараг л ойлгомжтой. Учир нь гэвэл таны жинхэнэ хүсэл жингээ хасах бус зөвхөн бусдад өөрийгөө батлан харуулах сонирхол л байна шүү дээ. Харин та эрүүл саруул байхын төлөө дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох зэргээр илүүдэл жингээ хасвал урт хугацаанд өөрт ашигтай зөв зуршлыг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхэд илүү тустай.
 

2. ЯМХ ЯМХААР УРАГШИЛ 
Хүршгүй холын мэт санагдаж байсан зорилгоо хэдийнэ биелүүлээд, үр дүнг нь үзчихсэн байна гэж төсөөлөх сайхан байлгүй яах вэ. Гэвч зорилго биелэл бололгүй цаасан дээр үлддэг хамгийн том шалтгаан энэ юм. Бид шинэ оны зорилгоо тодорхойлохдоо өөрийн нөөц бололцоогоо тооцон үзэлгүйгээр хэт ерөнхий, хэмжиж болшгүй үр дүнг хүсэж, өөртөө дарамт үүсгэх нь олонтоо.
Өмнөх хэсэг дээр дурдсан жингээ хасах зорилгын дагуу бүтэн жилийн туршид дасгал хөдөлгөөн огт хийгээгүй та гэнэтхэн эрүүл чийрэг биетэй нэгэн болохын төлөө долоо хоногийн дөрвөн өдөр, хоёр цагийн турш спортоор хичээллэнэ гэх зорилго тавилаа гэж төсөөлье. Эхний хэдэн долоо хоног мэдээж өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө хичээх ч бие махбод тань цоо шинэ өөрчлөлтөд дасан зохицож чадахгүй эсэргүүцэл үзүүлж, булрах болно. Иймд эхний ээлжинд долоо хоногтоо нэг удаа ганц л цаг фитнест явах хялбархан зорилт тавь. Нэг сарын турш тогтмол хийж чадвал хугацаа, болон давтамжаа нэмж болно. Жижиг амжилт бүр таныг илүү том амжилтад хүрэхэд тусална. Том зорилгоо жижиг зорилтуудад хуваагаарай.

“Broadcasting Happiness: The Science of Igniting and Sustaining Positive Change,” номын зохиогч Мишель Жилан өнгөрсөн оны эхэнд дасгалын төхөөрөмж худалдан авахдаа өдөрт ердөө 15 минутыг заавал зарцуулна гэж өөртөө амласан аж. Тэр зорилт нь маш хялбар байсан тул зорилгоо өдөр бүхэн биелүүлээд зогсохгүй 10-20 минут илүү хичээллэдэг байв. Жилан “Жижиг зорилтуудыг биелүүлэх бүрд бүхэл биеэр эерэг даавар тархаж байгаа нь мэдрэгддэг. Тэр мэдрэмжийг дахин мэдрэхийн төлөө маргааш, нөгөөдөр нь ч хичээнэ. Ямар ч дарамт, стресс, бухимдал байхгүй. Яг л тоглоом тоглож буй мэт хөгжилтэй хэмээжээ.

 

3. ЗОРИЛГОО БУС ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БОД
Зорьсон зорилготой байх нь гайхалтай зүйл. Гэхдээ хэрхэн хүрэх билээ?
Жишээлбэл, энэ жил та хадгаламжийнхаа хэмжээг хоёр дахин ихэсгэх зорилго тавилаа гэж бодъё. Тэгвэл зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд ямар төлөвлөгөө гаргах вэ? Тогтмол цагийн ажил эрхэлдэг бол илүү цагаар ажиллах уу? Ажлынхаа хажуугаар хувийн бизнес давхар эрхлэх бол нэмэлт ямар ур чадвар эзэмших шаардлагатай вэ? Шинэ ур чадвар эзэмшихийн тулд онлайн сургалтад хамрагдах уу? Энэ мэтчилэн ерөнхий зорилгоо зорилтуудад хуваан, төлөвлөгөө болгон задалж, бодит алхам, үйлдлүүдийг жагсаан бичих нь илүү үр дүнтэй хэмээн "Зуршлын хүч" номын зохиогч Чарльз Духигг зөвлөсөн байна. Бидний хувьд мэдээжийн, бичих шаардлагагүй мэт санагдаж болох жижиг төлөвлөгөө ч бичвэл биелэх магадлал нь нэмэгддэг тухай шинжлэх ухааны "Proceedings" сэтгүүлд 2011 онд нийтлэгдсэн судалгаанд бичжээ.
“Төлөвлөгөө сайн гаргаж сурсан хүмүүс ирээдүйд ямар саад бэрхшээл урьдчилан тулгарахыг таамаглан харах чадварт суралцдаг. Нэг төлөвлөгөө нь бүтэлгүйтлээ гэж бодоход үргэлж нөөц төлөвлөгөө ард нь байдаг тул зорилгодоо хүрэхэд илүү хялбар байх нь бий” гэж Ч. Духигг бичсэнийг энд дурдъя.

 

 

4. ГАНЦ ЗОРИЛГОД ТӨВЛӨР

Хэрэв та өмнөх жилүүдэд хэд хэдэн томоохон зорилго өмнөө тавьчхаад алинд нь ч хүрч чадалгүй бүтэлгүйтсэн бол энэ онд арга барилаа өөрчлөн зөвхөн нэг зорилгод төвлөрөөд үзвэл ямар вэ?
Та оюутан бол энэ үеийг ашиглаад IELTS 8 оноо авна гэдэг ганцхан зорилго тавьчих . Нэгэнтээ жилийн төгсгөлд амжилттай биелүүлж дуусгах ганц зорилготой юм чинь англи хэлний унших, бичих, ярих, сонсох чадвар тус бүрдээ хангалттай урт хугацааны төлөвлөгөө гаргаад төвлөрч ажиллаж чадна. Зорилго тань тодорхой тул явцаа хянахад хүртэл амар байх болно. Түүнчлэн, тэрхүү зорилгоо ойрын хүрээлэл, дотнын хүмүүстэйгээ хуваалц, тэднийхээ дэмжлэгийг ав. Сошиал медиа хаяг дээрээ ч зорьж буй үр дүнгээ бичээд үлдээж болох. Бусадтай хуваалцах нь, ижил зорилготой хүмүүсийг олох нь зорилтуудаа биелүүлэх хөшүүрэг болох билээ.

5. ЖАРГАЛТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ 
2020 он бүхэлдээ байгаа бүх зүйлдээ талархан амьдрах нь хэчнээн чухал гэдгийг бидэнд заасан жил байлаа. Нөхцөл байдал одоо ч тодорхойгүй, төсөөлж тааварлахад амаргүй байна. Иймд 2021 онд өөртөө хатуурхахгүй, зорилгоо биелүүлэх гэж хэт өөрийгөө ядраан зүтгэхгүй байхыг зөвлөе. Шинэ оны зорилтууд төлөвлөсний дагуу биелэхгүй байсан ч амьдралын хэв маягтаа тодорхой хэмжээгээр эерэг өөрчлөлт хийж чадсан бол тэр л том амжилт шүү.

Эцэст нь, алсын зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлэх нь хэдий сайхан ч ойр дотнынхонтойгоо цагийг өнгөрөөж, орчлонгийн гоо үзэсгэлэн, баяр баясгалан гэдэг юугаар ч үнэлэшгүй үнэ цэнтэй гэдгийг дахин санаарай.

Эх сурвалж: https://unread.today/