Жон Шаншан 2020 онд Азийн хамгийн баян эрхэм болсон. Энэхүү жагсаалтыг “Алибаба” групп үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма тэргүүлдэг байсан. Гэвч сүүлийн хоёр сард Жак Магийн хөрөнгө 11 тэрбум ам.доллароор багасаж, 50.9 тэрбум ам.доллар болсон билээ.
Өнгөрсөн онд Жон Шаншаны хөрөнгө 70.9 тэрбум ам.доллараар өссөн. Хөрөнгөө богино хугацаанд өсгөсөн үзүүлэлтээр мөн дээд амжилт тогтоолоо гэж гэж Блүүмберг онцолж буй юм. Тэрбээр Блүүмбергийн тэрбумтнуудын индексэд Азид нэгдүгээрт, дэлхийд 11 дүгээрт бичигдэж байна.
Өдгөө Хятадын төдийгүй дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг Шаншан Beijing Wantai Biological Pharmacy Enterprise болон Nongfu Spring гэсэн хоёр компанитай.
Түүний Beijing Wantai компани вакцин бүтээх, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн 2020 онд COVID-19-ийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байгаа нь түүний хөрөнгө ийнхүү огцом өсөх бас нэгэн шалтгаан болсон юм. Beijing Wantai компани 2020 оны дөрөвдүгээр сард Шанхайн хөрөнгийн биржэд IPO хийснээр тус компанийн хувьцааны үнэ 2000 хувиар өсчээ.
Цэвэр усны Nongfu Spring компани нь Хонконг дахь хамгийн алдартай компаниудын нэг болжээ. Шаншан компанийнхаа хувьцааны 80 хувийг өөрөө эзэмшдэг. Мөн 2020 оны есдүгээр сард IPO гаргасан нь хувьцаа нь 155 хувиар өсөхөд нөлөөлсөн юм.
Жон Шаншан 1954 онд Ханжоу хотод төрсөн. Тэрээр Хонконгод их сургуулиа төгссөн бөгөөд 1980-аад онд сурвалжлагчаар ажиллаж байжээ. 1996 онд Nongfu Spring компанийг үүсгэн байгуулснаар бизнесийн салбарт хөл тавьжээ. Хятадын бизнесийн хүрээлэл дунд түүнийг "Ганцаардмал чоно" гэж нэрлэдэг бөгөөд The Paper сонинд бичсэнээр тэрээр олон нийтийн өмнө гарах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх нь тун ховор гэжээ.
Эх сурвалж: https://gogo.mn/