Монголын ЖДҮҮ холбооны удирдах зөвлөлийн хурлаар бодлогын олон асуудал хэлэлцэн баталлаа. Хэлэлцэх асуудлын нэг нь 2026 онд ажиллах Гүйцэтгэх захирлаар Б.Мөнхбаярыг нийт гишүүдийн 100% саналаар томиллоо. Мөн дүрмээ шинэчилж,  тус холбоо 10 жилийн ойн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөгөө баталж, ажлын хэсгүүдээ томилж ирэх жил Монголын Жижиг, дунд, бичил, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гадаад болон дотоодод хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө эцэслэн хэлэлцлээ.

ЖДҮҮ нь эдийн засгийн хөдөлгөгч хүч бөгөөд нийгмийн тогтвортой байдлын үндэс юм.
Төрөөс бодлогоор дэмжих нь улс орны урт хугацааны тогтвортой хөгжил, ажлын байрны өсөлт, иргэдийн амьжиргаа сайжрах, чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой стратегийн салбар билээ.
Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө гэсэн уриан дор Монголын баялаг бүттээгчид эх орны дөрвөн зүг найман зовхисоос нэгдэж байна.

ЖДҮҮ холбоо нь 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан бөгөөд 100 гаруй мянган гишүүд, дэмжигчидтэй үндэсний хэмжээний мэргэжлийн холбоо юм.
Тус холбооны Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар Доктор, Профессор Ч.Даваабаяр ажиллаж байна.

Холбооны бүтэц нь гучин таван Удирдах зөвлөлийн гишүүн, долоон тэргүүлэгч гишүүн, салбарын асуудал хариуцсан таван дэд Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, ажлын алба, хорин нэгэн аймагт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж иржээ.






 
									