Малын генетик нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.9-д заасны дагуу мал сүргийг ялган тэмдэглэх, тэмдэглэгээтэй малыг улсын бүртгэлд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэхүү хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан хаагчид Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт байрлах сүүний чиглэлийн цэвэр болон эрлийз үхэр үржүүлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд ажиллав.
Энэ үеэр хуулийн хэрэгжилтийг хангах, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, баталгаатай сүүг зах зээлд нийлүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, нийт 1050 үхэр сүргийг Малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хамруулсан байна.
Мөн Хөвсгөл аймаг нь экологийн эрүүл хүнс үйлдвэрлэгч бүс нутаг болох зорилтын хүрээнд малын чанар, эрүүл мэндийг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа бөгөөд цэвэр үүлдрийн болон сайжруулсан үхэр сүргийг ялган тэмдэглэж, улсын нэгдсэн бүртгэлд хамруулах ажлыг эрчимжүүлж байна. Тус ажил Тариалан, Мөрөн, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Түнэл зэрэг сумдад үе шаттайгаар хэрэгжиж байгаа юм.
Эрүүл хүнс үйлдвэрлэгч иргэн, аж ахуй нэгжүүд хуульд заасан үүргээ биелүүлэн мал сүргээ ялган тэмдэглэж, сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт хандан Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн https://livestock.mofa.gov.mn/ цахим системд бүртгүүлээрэй.
Эх сурвалж. ХХААХҮЯ