Төв аймгийн Баяндэлгэр сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувьтай байна. Тухайлбал, төрийн зарим байгууллагуудын засвар үйлчилгээг хийж, сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд өнжмөл 1000 боодол өвс, 2 тонн хивэг хадгалжээ.
Тодруулбал, Баяндэлгэр сум техник хэрэгслээ Дорнод аймаг руу гэрээ байгуулан явуулж, оронд нь өвс нийлүүлэх гэрээ байгуулсан байна.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.4 км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна.
Баяндэлгэр сумаас Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан суманд өвөлжихөөр 41 өрхийн 28.0 мянган толгой малын тухай мэдээлэл өгсөн. Мөн отроор явсан малчдын захиалгыг “Оторчин” апп ашиглан захиалга өгөхөд бэрхшээл тулгарч байгааг сумдын удирдлага онцлов.
Эх сурвалж: Монцамэ агентлаг