“Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо”, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүд хамтран “Ажил хэрэгч өглөөний цай” уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Татварын Ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын дарга С.Лхагвадорж, Агро-Сити Эдийн засгийн тусгай бүсийн захирагчийн ажлын албаны дарга Б.Одбаяр болон үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн 50 гаруй төлөөлөл оролцож, салбарын нийтлэг асуудлууд болон цаашид хамтарч ажиллах боломжуудын талаар хэлэлцлээ. Модератороор Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ц.Ганзориг ажиллалаа.
Өглөөний уулзалтаар дараах сэдвүүдээр илтгэл танилцуулан, санал солилцлоо.
- Татварын Ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг: Татварын хөнгөлөлт чөлөөлөлт, таны боломж
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын дарга С.Лхагвадорж: Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл
- Агро-Сити Эдийн засгийн тусгай бүсийн захирагчийн ажлын албаны дарга Б.Одбаяр: "Агро Сити" эрүүл, тогтвортой хүнс
Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулдаг байна.
Мөн цаашид Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, соён гэгээрүүлэх зорилгоор дараах үйлчилгээг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд үзүүлнэ:
- Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах;
- Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх аргачлал, заавар, мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
- Нийгмийн даатгалд хамруулах, өндөр насны тэтгэвэрт бэлтгэх;
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сургалт, сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх, түгээх ажлыг зохион байгуулах; - Нийгмийн даатгалын үйлчилгээг цахим, нэг цэгийн болон явуулын хэлбэрээр үзүүлэх.
Мөн баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчид “Чингис хаан” үндэсний музей дэх Чингис хааны алтан хөшөө бүхий Их хааны өргөөнд хүндэтгэл үзүүллээ.