“Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байна
Дэлхийн Хүнсний өдрийг энэ жил “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) 80 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Энэхүү өдөр нь хүнсний аюулгүй байдлын ач холбогдлыг олон нийтэд таниулах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс гаралтай өвчлөл, эрсдэлийг бууруулах, хүний эрүүл мэнд болон эдийн засагт учруулах сөрөг нөлөөллийг багасгахад чиглэдэг билээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн Хүнсний өдрийг угтан 2025 оны есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээг эхлүүлээд байна.
Тус арга хэмжээний зорилго нь:
-Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийх,
-Худалдаа, үйлчилгээ эрхлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд болон худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх,
-Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,
-Цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах юм.
“Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээг зохион байгуулснаар хүнсний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, эрүүл, чанартай хүнсээр хүн амыг тогтвортой хангах боломж нэмэгдэнэ.
Эх сурвалж: ХХААХҮЯ