Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (ЭЗЭН) төслийн “Бүрэн” малын тэжээлийн үйлдвэр байгуулах дэд төслийн явцтай танилцлаа.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд байгуулагдаж буй “Бүрэн” малын тэжээлийн үйлдвэрийн төслийг “Мөнх цастын ундарга” тэргүүтэй ХХК-иудын түншлэл хэрэгжүүлж байна. Тус үйлдвэр жилд 14.8 мянган тн буюу цагт 2 тн бүрэн найрлагат багсармал болон хорголжин тэжээл үйлдвэрлэх EU стандарттай тоног төхөөрөмж суурилуулжээ.
“Бүрэн” малын тэжээлийн үйлдвэр ашиглалтад орсноор Ховд аймаг төдийгүй зэргэлцээ аймаг, сумдад тогтвортой, орчин үеийн, гамшигт тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлэх, аюулгүйн нөөцийг дотоодоосоо бүрдүүлэх боломжтой.
Мал сүргийн эрүүл мэнд, ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (ЭЗЭН) төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам орон нутагтай хамтран хэрэгжүүлж байна.